Монгол Улсын Хөгжлийн Банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд нийт 248 тэрбум төгрөгийн зээл олгохоос гүйцэтгэлээр 171.6 тэрбум төгрөг олгоод байна. Тус санхүүжилтээр дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Тодруулбал, төмөр зам, авто зам, дэд станц, цахилгаан хангамжийн ажил, үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа, үйлдвэрийн ажилчдын 550 айлын орон сууц барьж байгуулж байна.
Монгол Улсын Хөгжлийн Банкнаас төсөл хөтөлбөрт гүйцэтгэлээр санхүүжилт олгож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 26-наас 29-нд Дорноговь аймгийн Сайншанд болон Алтанширээ суманд Хөгжлийн банкны хяналтын баг ажиллалаа.
Тус төслийн гол зорилго нь түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах юм. Мөн түлш, шатахууны импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгох юм.
Түүнчлэн төслийн дагасан бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтэц зэрэг чухал салбаруудаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа бол үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Эксим банкны зээлээр санхүүжүүлж байна.
Төсөл хэрэгжүүлснээр томоохон бүтээн байгуулалт бий болохоос гадна хөдөлмөрийн зах зээлд 500 орчим инженер техникийн ажилтан, бусад дагалдах ажлын байрууд бий болно.
Эх сурвалж: Хөгжлийн Банк