Орос, Хятадын мэргэжилтнүүд 2033-2035 оны үед саран дээр цөмийн цахилгаан станц байгуулах боломжийн талаар судалж буй тухай Роскосмосын тэргүүн өчигдөр ярьжээ.
Ирээдүйд дэлхийн дагуул дээр хүмүүсийг суурьшуулахад энэ нь эрчим хүчний эх үүсвэр болох бөгөөд Оросын цөмийн эрчим хүчний туршлага чадварыг уг төсөлд ашиглахаар талууд ярилцаж буйг Юрий Борисов баталсан байна.
“2033-35 оны орчимд сарны гадаргуу дээр эрчим хүчний эх үүсвэр байгуулах төслийг бид Хятадын түншүүдтэйгээ нухацтай ярилцаж байна” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Нарны эрчим хүчний эх үүсвэрийг энэ зорилгоор ашиглахад хангалтгүй тул цөмийн эрчим хүчийг сонгосон гэнэ.
“Энэ бол маш хэцүү сорилт. Хүний оролцоогүй бүрэн автомат горимд ажилладаг байх шаардлагатай” гэж Борисов хэлжээ.
Тэр бас цөмийн хөдөлгүүртэй сансрын ачааны хөлөг зохион бүтээх Оросын төлөвлөгөөний талаар мэдээлсэн байна.
“Бид сансрын ачааны хөлгийн талаар судалж байгаа. Цөмийн реактор болон өндөр хүчин чадалтай турбины тусламжтай их хэмжээний ачааг нэг тойрог замаас нөгөө тойрог замд тээвэрлэдэг байх юм. Энэ нь сансрын хог хаягдлыг цуглуулах зэрэг бусад олон зорилгоор ашиглагдах боломжтой байна” гэж Роскосмосын тэргүүн Борисов ярьжээ.
Оросын эрх баригчид өмнө нь саран дээр эрдэс баялгийн олборлолт явуулах тухай ярьж байсан. Энэ мэт олон амбицтай төлөвлөгөө ярьдаг ч тус улсын сансар судлалын салбар сүүлийн жилүүдэд нэлээд барцадтай байгаа.
Өнгөрсөн онд тус улс 47 жилийн дараа сарыг судлах хөтөлбөрөө сэргээж, Луна-25 станцыг илгээсэн нь сарны гадаргууг мөргөж сүйрсэн.
Хятад улсын хувьд саран дээр станц буулгасан гурав дахь улс болж, АНУ, Зөвлөлт Холбоот Улсын дараа бичигдээд байгаа.
Одоо 2030 оноос өмнө сансрын нисгэгчээ саран дээр буулгах төлөвлөгөөтэй байгааг саяхан зарласан юм.
Эх сурвалж: Reuters