Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөс Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан “Энтрепренер Эмэгтэйчүүд IV: Асуудлаа Шийд, Амжилтад Тэмүүл” сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 39.6 хувь нь эмэгтэй удирдлагатай бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд эрэгтэй удирдлагатай компаниудтай харьцуулахад бизнесийн үзүүлэлтүүд муу байна гэсэн дүгнэлтийг судалгаануудад өгсөн байдаг. Энэ нь эмэгтэй захиралтай бизнесүүд нь жижиг хэмжээтэй, ашиг орлого бага, бизнесийн өсөлт удаан, санхүүжилтийн хүртээмж сул зэргээр тодорхойлж байгаа юм. Түүнчлэн, бизнесийн хэмжээ томрох тусам удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь багасаж байна. Тухайлбал, Монгол Улсын дотоодын тэргүүлэх 100 аж ахуйн нэгжийн ердөө 24 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай байна. Уг тэгш бус байдал нь эдийн засгийг хөгжүүлэх, өсөлтийг дэмжих, илүү эрх тэгш нийгмийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өсөлт, хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Форумыг нээн АНУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган үг хэлж, оролцогч нарт Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн баярын мэндчилгээг дэвшүүллээ. Тэрээр онцлохдоо АНУ-ын Засгийн Газар нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй BEST хөтөлбөрөөр дамжуулан, Монгол Улсын ЖДБ-үүдийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулан, тууштайгаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Элчин сайд Буанган хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй санаачилгууд нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт дэх эмэгтэйчүүдийн оролцооны хүчинд итгэх бидний бат итгэлийн тод жишээ юм. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийн бодит үр дүнгүүд нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, бизнес ур чадварыг сайжруулах, бат бөх түншлэлүүдийг бий болгох зэргээр хүйсийн тэгш байдал, эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн бидний зорилгыг дахин батлан харуулж байгаа юм.” хэмээн дурдлаа.
Форумд эмэгтэй бичил, жижиг дунд бизнес эрхлэгч 150 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд амжилтад хүрсэн салбар салбарын манлайлагч энтрепренер эмэгтэйчүүд өөрсдийн сургамж, туршлагаасаа хуваалцав. Хэлэлцүүлгийн үр дүнд эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ өргөжин сайжруулах арга замаа тодорхойлж, бие биеэсээ суралцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
АНУ-ын Засгийн Газраас АНУОУХА-аар дамжуулан санхүүжүүлж буй BEST хөтөлбөр нь Монгол Улсын ЖДБ-үүдийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ажлыг байрыг бий болгох зорилготой. Улаанбаатар хот болон 12 аймагт хэрэгжиж байгаа BEST хөтөлбөр нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах бизнесийн зөвлөх үйлчилгээнүүдийг ЖДБ эрхлэгчдэд олгож байна. BEST хөтөлбөрийн дэмжлэгээр 2,400 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээл, санхүүжилт авч, цаашлаад 2,600 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, хувийн хэвшил дэх эмэгтэйчүүдийг чадавхжуулахад гүйцэтгэж буй уг хөтөлбөрийн үр нөлөөг харуулж байна.