Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдаж, 2023 онд хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.
2023 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 25 арга хэмжээг төлөвлөн, 97.2 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг оношилгоо, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм.
2024 оны төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагаас санал авч, дөрвөн зорилтын хүрээнд 27 арга хэмжээг төлөвлөжээ.
Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон шинэчлэх, боловсролд тэгш хамруулах, үр дүнг сурталчлах, хөдөлмөрийн насны иргэдийг бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөөд байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ