ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 15-17-ны өдрүүдэд болно. Энэ долоо хоногт олон улсын хэмжээнд хамгийн их анхаарал татах үйл явдлаар эл сонгуулийг нэрлэж болох юм. Ерөнхийлөгч Владимир Путин энэ сонгуулиар эрх мэдлээ 2030 он хүртэл бататгах төлөвтэй байна.
Путин сонгогдох нь баараггүйг илтгэх олон хүчин зүйл бий.
Нэгдүгээрт, түүнийг эсэргүүцэж чадах сөрөг хүчнийхэн зарим нь шоронд хоригдож, зарим нь гадаадад дүрвэсэн. Хоёрдугаарт, түүний бодлогыг шүүмжилж болох хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хаагдсан гэхэд болно. Гуравдугаарт, Кремль 146 сая хүн амтай улсынхаа улс төрийн тогтолцоо болон сонгуулийн үйл явцад хатуу хяналт тавьдаг.
СОНГУУЛЬД ХЭН, ХЭРХЭН САНАЛ ӨГӨХ ВЭ?
18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг Сонгуулийн төв комисс мэдэгдэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байсан.
Орос даяар санал хураалт Баасан гаригаас Ням гаригт үргэлжилнэ. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг анх удаа нэг өдөр биш гурван өдөр нээлттэй явуулахаар болсон тохиолдол юм.
Тус улс олон өдрийн санал хураалтыг 2020 онд анх явуулжээ. Энэ нь Путины санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга байв. Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Путин дахин нэр дэвших эрхээ олж авсан юм.
Олон өдөр санал хураагаад тогтохгүй цахим санал хураалт явуулах анхны ерөнхийлөгчийн сонгууль болно. Цахим санал хураалт ОХУ-ын 27 муж олон 10 жилийн өмнө эзлэгдсэн Крымд хүчин төгөлдөр байна.
Бүрэн хэмжээний түрэмгийллээс хойш Орост эзлэгдсэн Донецк, Луганск, Запорожье, Херсонд ч бас санал хураалт явагдана. Тэнд санал хураалт явуулахыг Киев болон барууны орнууд буруушааж байна. Гэвч зарим бүс нутагт урьдчилсан санал хураалт аль хэдийнэ эхэлжээ.
ПУТИНТЭЙ ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?
Өдгөө 71 настай Путин бие даан нэр дэвшигчийн статустай байна. Тэрбээр тав дахь удаагаа төрийн эрхэнд гарахыг эрмэлзэж байгаа бөгөөд энэ удаад ялсан тохиолдолд зургаан жил засгийн эрхийг барих юм. ЗХУ-ын дарангуйлагч Йосиф Сталинаас хойш Кремлийн удирдагчаар хамгийн удаан ажилласан хүн нь Путин болж байна.
Түүнтэй өрсөлдөх улстөрчид Кремльд ээлтэй улс төрийн намуудаас гаралтай гэдгээрээ онцлог. Тодруулбал, Коммунист намаас Николай Харитонов, үндсэрхэг Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Шинэ Ардын намаас Владислав Даванков нар Путинтэй өрсөлдөж байна. Николай Харитоновын хувьд 2004 онд Путинтэй өрсөлдсөн боловч онооны асар их зөрүүтэйгээр хоёрдугаар байрт оржээ.
Дээрх нэр дэвшигчид нь Кремлийн бодлогыг, тэр дундаа Украин дахь дайныг хоёр гараа өргөн дэмждэг хүмүүс. Ийм нэр дэвшигчид Путинтэй өрсөлдөөд хангалттай санал авч чадахгүй гэдгийг өмнөх сонгуулиуд бэлхнээ харуулсан билээ.
Тухайлбал, 2018 онд Коммунист нам 11.8 хувь, Путин 76.7 хувийн санал тус тус авч байв.
Путины эсрэг зогсох цорын ганц нэр дэвшигч нь либерал улстөрч Борис Надеждин байсан. Тэрбээр дайныг зогсоохыг сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгосон. Олон нийт түүнийг хангалттай их дэмжсэн тул тэр шаардлагатай тоогоор гарын үсэг цуглуулж чадсан боловч Кремль түүний эрхийг хүчингүй болгож чадсан юм. Түүний цуглуулсан гарын үсгүүдийн дийлэнхийг Кремль хүчингүй гэж мэдэгдэж, улмаар нэр дэвшихийг нь хоригложээ.
СОНГУУЛЬ ЧӨЛӨӨТ, ШУДАРГА БОЛОХ УУ?
Сонгууль чөлөөт, шударга болно гэдэгт ажиглагчид найдахгүй байна. Санал хураалтын хоногийг сунгаж, цахим санал хураалтыг зөвшөөрсөн зэргээс харахад сонгуулийн ил тод байдалд итгэхэд бэрх.
2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд жинхэнэ өрсөлдөөн байгаагүй, дарамт шахалттай байсан тухай ажиглагчид мэдээлж байв. Тухайн үед Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын сонгуулийн ажиглалтын баг ажиглагчаар ажиллажээ.
Путинээс өөр боломжит хувилбар байхгүй тул хагарч, бутарсан сөрөг хүчнийхэн түүнд дургүйцлээ илэрхийлэх боломжоор хязгаарлагдмал байна гэж үзэж байна. Сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный нас бархынхаа өмнөхөн санал хураалтын сүүлийн өдөр жагсахыг уриалж байв. Тэрээр энэ сонгуулийг “Дайныг батлах бүх нийтийн санал асуулга” гэж нэрлэсэн юм.
Өдгөө Алексей Навальный үгүй болсон ч түүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ эхнэр Юлия Навальная нь мэдэгдсэн билээ. Тэрбээр Сонгуулийн хамгийн сүүлийн бөгөөд хамгийн шийдвэрлэх 17-ны өдөр санал хураах байрны гадаа жагсахыг уриалав.
Энэ талаар Юлия Навальная “Путин өөрийнхөө хүссэн сонгуулийн дүнг үзнэ, 80 хувиар, за бүр 180 хувиар ч ялж мэдэх юм. Гэхдээ бид цуглаж чадвал сая сая хүн өөрсөдтэй нь ижил бодол санаатай хүмүүс байгааг олж харна, ганцаараа биш гэдгээ мэдрэнэ. Дайн, авлига, хууль бус байдлыг эсэргүүцэгсэд олон мэдрэх болно. Бид олуулаа гэдгээ, үнэхээр бодит хүмүүс мөн гэдгээ, Путиныг эсэргүүцдэг гэдгээ энэ сонгуулийн өдрийг ашиглаж л харуулах хэрэгтэй. Үүний дараа хэрхэх нь та бүхнээс хамаарна. Путин л биш бол өөр хэнд ч саналаа өгч болно. Саналын хуудсаа хүчингүй болгож болно” гэжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS