УИХ-аас Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлд согтууруулах ундаа болон мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 27.10.5 зүйлд өөрчлөлт оруулж, 2024 оноос хэрэгжиж буй. Энэ талаар ТЦА-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболдоос тодрууллаа.
Тэрбээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага нэмэгдсэн. Хууль хэрэгжих эхэлснээс хойш 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн тоон мэдээллээр согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 1.1-5.9 хувь буюу тав дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас тандалт судалгаа хийхэд өмнөх 2023 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарын тоо эрс буурсан.
Мөн үүнийгээ дагаад зам тээврийн осол аваарын тоо 5.9 дахин буурсан үр дүн гарч байна. Бид 2023 онд хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг улиралд нэг удаа, долоо хоногт нэг удаа гэж хэсэгчилсэн байдлаар 42 удаагийн шалгалт хийсэн.
Харин энэ оноос хяналт шалгалтыг арай өөр хэлбэрээр хийж байгаа. Улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд хийдэг арга хэмжээгээ өөрчлөн, олон улсын жишгээр тандан судлах аргыг нэвтрүүлнэ. Тодруулбал, хяналт шалгалтыг тодорхой бүсчлэлтэй буюу гудамжуудад хийнэ. Ингэхдээ 1000 жолооч нараас хэд нь согтууруулах ундаа хэрэглэсэн бэ гэдэг харьцуулалтыг хийнэ. Нэг цэг дээр 1-2 алба хаагч биш нэг цэг дээр 5-6 алба хаагч ажиллана” гэсэн юм.
Энэ он гарснаас хойш энэ төрлийн зөрчил 2253 бүртгэгдсэн байна. Энэ нь 2022 онтой харьцуулахад 67.5 хувь, 2023 онтой харьцуулахад 58.5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Он гарснаас хойш согтуугаар үйлдсэн гэмт хэрэг ес буюу 43.8 хувиар буурсан бол согтуу жолоочийн улмаас амь нас хохирсон хэрэг дөрөв бүртгэгдэж, 43 хувиар буурсан. Мөн гэмтсэн хүн тав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53, согтуугаар тээврийн хэрэгсэл давтан барьсан 185 зөрчил гарсан. Үүний аравыг нь прокурорын байгууллага руу шилжүүлсэн гэдгийг албаныхан мэдээлж байв.