УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхэд цөөн хоног үлдсэн. Түүхэндээ 76 гишүүнтэй байсан парламент ирэх 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болох бөгөөд 76 гишүүнтэй парламентын сүүлчийн ээлжит чуулган гэсэн үг. Мэдээж 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх парламент учраас олон чухал хуулийн төслүүдийг батлах мөн нээлттэй сонсгол зохион байгуулах гээд их ажил хүлээж буй.
Энэ хаврын чуулганы хамгийн чухал үйл явдал бол газрын наймаа болон ногоон автобусны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах явдал юм. Тодруулбал, Улаанбаатар хотын газар олголттой холбоотой нээлттэй, нийтийн сонсгол явуулах, Ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоор сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд буй.
Газрын сонсголд МАН, АН-гүй дуудагдана
Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын газар олголттой холбоотой нээлттэй, нийтийн сонсгол явуулах үүрэг чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд замбараагүй газар олгосноос үүдэж, гамшиг тохиолдох, газар дагасан авлигын асуудал гээд араасаа олон асуудал дагуулж байгаа учраас энэхүү сонсголыг хийж, үе үеийн хотын дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг сонсголд дуудахаар төлөвлөсөн. Түр хорооны дарга Б.Энхбаяр “Улаанбаатар хот дарьтай торх болж хувирсан байна. Утаа, нийтийн тээвэр, газрын асуудлаас эхлээд. Энэ бүхний үндэс нь авлига дээр очиж байна. Ялангуяа сүүлийн 20 жилийн газрын авлигатай холбогдож байна. Энэ асуудлаас болж өнөөдрийн Улаанбаатарын асуудлыг хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй түвшиндээ хүрсэн байна. Тиймээс асуудлын уг шалтгаан, өнгөрсөн 20 жилийн газар олголт, авлига, нийтийн тээврийн асуудлаар иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд асуудлыг зөвхөн Засгийн газрын түвшинд ярихгүйгээр УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулна” гэсэн тайлбарыг өгч байсан юм.
УИХ дээр газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихтэй холбоотой өргөдөл гомдол ирж, УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн санаачлагаар энэхүү заалтыг хүчингүй болгох санаачлага гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ч УИХ дээр байгуулаад, ажиллаж буй. Мөн газар олголт, газрын тухай хуультай холбоотой сонголыг тавдугаар сарын 15-ны дотор зохион байгуулах үүргийг ч өгөөд буй. Газартай холбоотой асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар: Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Энэ асуудлыг өнөөдөр цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ. Түүний хэлсэнчлэн нийслэлийн газар олголт олон жил ужгирсан асуудал. Энэ сонсголд нэр дуудагдах хүмүүс ч мөн МАН, АН-гүй албан тушаал хашиж байсан эрхэмүүд бий. Хотын дарга нь гэхэд М.Энхболдоос эхлээд Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар хүрнэ, үе үеийн газрын албан, хотын менежерүүд гээд газар олголттой холбоотой бүх албан тушаалтан сонсголд дуудагдана, яригдана, хардагдана. Бас харлуулна.
Ногоон автобусны сонсгол МАН доторх “цэвэрлэгээ”
Намрын чуулган завсарлахаас өмнө Ногоон автобусны хэрэгтэй холбоотой сонсгол зохион байгуулахаар болж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилоод буй. Сонголын гишүүнээр МАН-аас П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нар АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, ХҮН намаас Т.Доржханд нар томилогдоод байгаа юм. Түр хороо намрын чуулганы завсарлагаанаар шинжээчдээ томилуулахаас эхлээд ажил ихтэй байх байсан ч цас, зуд гээд гишүүд тойрог руугаа гүйгээд тун завгүй учир хаврын чуулган эхлэхээр шинжээчдээ томилж, мөн л дөрөв, тавдугаар сардаа багтааж, сонсголоо зохион байгуулахаар төлөвлөж буй.
Ногоо автобусны хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг
Хотын даргыг, түгжрэлийн сайдтай нь огцруулж, МАН дотор том асуудал үүсгэсэн ногоон автобусны хэрэг өдгөө шүүхэд шилжээд байгаа. Хотын дарга, сайдын суудлыг хөдөлгөсөн ч өнөөдөр ногоон автобусны хэрэгт УИХ-ын гишүүн, түгжрэл хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар л холбогдоод буй. Бусад нь албан хаагчид.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. Тиймээс одоо шүүх хэргийг хэлэлцэх товоо тогтооно гэсэн үг юм.
Мэдээж, сонсгол зохион байгуулах нь олон нийтэд мэдээлэл өгөх, хаана хэзээ ямар шийдвэр гарч байсан гээд давуу талтай боловч өнгөрсөн хоёр ч удаагийн сонсголыг харвал жинхэнэ эзэд нь хариуцлага хүлээхгүй, цөөн тооны хэдэн хүнээр туг тахиад өнгөрсөнтэй нь дүйцүүлж харвал дээрх хоёр сонсголоос нэг их юм хүлээгээд хэрэггүй болов уу. Гэхдээ 2024 оны УИХ-ын сонгууль хаяад ирчихсэн энэ үед эрх баригчид өөрсдөдөө оноо авах гэсэн өрсөлдөгчөө “намнах”, харлуулах, адаглаад л нэрийг нь зарлахаас эхлээд “цэвэрлэгээ” хийх ээ мэдэж буй. Мэдэх нь битгий л хэл яг л тэгж бэлтгэж буй. Тиймээс ч энэ хаврын гол улс төр нь газрын наймаа, түүнийг дагасан авлигын асуудал, Ногоон автобусны хэрэгтэй холбоотой асуудлаар өрнөж, өнгөлөх нь ээ.