Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Куба Улс (БНКУ)-д ажлын айлчлал хийж байна.
Энэхүү ажлын айлчлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНКУ-ын Хууль зүйн сайд Оскар Мануэл Силвера Мартенизтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын дараа “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
Хоёр улс 1989 онд байгуулж байсан иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээг Монгол, Куба Улсын орчин үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулан шинэчлэн байгуулах асуудлыг 2021 онд ярилцан, шийдвэрлэсэн.
“Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улс иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны хүрээнд шүүхийн баримт бичиг гардуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх гэх зэрэг ажиллагааг өөрсдийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Харин “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээ байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг ил тод, шуурхай шийдвэрлэнэ. Тодруулбал, нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой боллоо.
Айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр БНКУ-ын Дотоод хэргийн сайд Лазаро Альберто Алварез Казастай уулзлаа.
Энэ үеэр БНКУ-ын хууль зүй болон дотоод хэргийн салбарын алба хаагчдын төлөөлөл Монгол Улстай төрийн үйлчилгээний цахимжилт, салбарын бусад хамтын ажиллагааны асуудлаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Цаашид хоёр улс хоорондын “Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ” мөн “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулахад идэвхтэй хамтран ажиллахаар боллоо хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.