Монголын Үндэсний худалдаа, үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улс боомтын сэргэлтийг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байна. Боомт сэргэх нь худалдаа, аж үйлдвэрт хэрхэн нөлөөлнө гэж харж байна?
-Боомтын хөгжил эдийн засагтай ихээхэн холбоо, уялдаатай. Эдийн засагтай уялдана гэдэг нь экспортын гол бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад эдийнзасгийнүх нөлөөг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гол зах зээлийн түншлэгч хаана байна гэдгийг бид тооцоолж үзэх нь зүйтэй. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим дээр боомтын сэргэлттэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулж,тулгамдсан асуудлаа ярилцсан. Энэ үеэр төр, хувийн хэвшлээс гадна судалгааны байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн чухал гэдгийг хэлж байсан. Ялангуяа боомт байгуулахдаа хөрш орныхоо дэд бүтэц, зах зээлийг судалж аль боомтоор ямар бараа бүтээгдэхүүн гаргах бодлогын судалгааг мэргэжлийн байгууллага, судлаачидтай хамтарч хийх нь чухал. Учир нь БНХАУ-ыг авч үзвэл БНХАУ-ын орон нутаг, төр захиргааны бодлого нь түвшин түвшиндээ өөр байдаг. Тиймээс тухайн бодлоготой нь нийцэж, уялдуулж бараа бүтээгдэхүүнээ аль зах зээлд байршуулах талаар эрсдлийн үнэлгээ гаргах хэрэгтэй. Аль нэг мужаас хэт хамааралтай болохгүйн тулд худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнээ хэрхэн тараан байршуулах, эдийн засгийн үр өгөөжийг нь бодитоор тооцоолох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд ямар ч төрлийн бодлого гарахдаа ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Хэрэгжихдээ ч удаан. Тийм учраас хөрш орнуудынхаа бодлогод тааруулж, гаргаж тавьсан бодлогыг нь дагаж бодлого шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрдэг. Тухайлбал, төмөр замаар жишээ авахад анхнаасаа хөрш оронтойгоо ойлголцож, бодлогоо нэгтгэх боломж байсан хэдий боловч нэгэнт тэднээс хоцорчихсон учраас хүссэн ч, эс хүссэн ч хөрш орныхоо бодлогод нийцүүлж улс орныхоо боомтын хөгжлийг, дэд бүтцийг тодорхойлохоос өөр аргагүйд хүрч байна.
Хоёр хөрш орны хувьд боомтын төлөвлөлтөө урт хугацаа, алсыг харж төлөвлөл хийж байна. Тиймээс звөхөн өнөөдөр биш, дараа дараагийн төлөвлөгөөнд нь багтахын тулд мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэж бодлого шийдвэрээ гаргах нь зөв.
–Боомтын сэргэлтийн хүрээнд олон төрлийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Нэг дор бүх боомтыг бүрэн ашиглалтад оруулах боломжгүй. Тиймээс эдийн засгийн үр өгөөжөө хэрхэн тооцож, улстөржихгүйгээр аль боомтоо түрүүлж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байна?
-Монгол Улс хэнээс ч хараат бус байх хэмжээний мөнгөтэй, эдийн засгийн чадамжтай байсан бол хэнээс ч хараат бусаар бүгдийг хийх бололцоотой байх байсан. Хоёрдугаарт, хүн амын тархац бүтцийг аваад үзвэл зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн харилцаа ихээхэн чухал. Тиймээс хүн амын нягтаршил байршил, эдийн засгийн идэвхжилээсээ хамаарч бодлогуудаа гаргах нь ихээхэн чухал. Түүнээс биш бүх боломжит сувгуудаа нээх гэхээсээ илүү ямар бодлого гаргавал эдийн засгийн үр өгөөж өндөр байхыг тооцох нь чухал. Гэтэл хүн ам цөөтэй газар боомт байгуулах нь төрийн зардлыг нэмэгдүүлнэ. Бүтээмжийн хувьд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс түр зуурын хугацаанд чанарт биш тоонд анхаарал хандуулахаас илүү эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг бодитоор тооцоож боомтуудыг эрэмбэлэх нь чухал.
-Боомтын сэргэлтэд төр хувийн хэвшилийн түншлэл чухал гэдгийг олон жил ярьсан. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийн үр өгөөжгүй төсөлд хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Тиймээс энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль эрхзүйн орчинд юуг анхаарах чухал вэ?
-Өнгөрсөн жил бизнесийн орчны судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг бодлого тус бүрээр нь харьцуулж бизнес эрхлэгчдээс санал асуулга авсан. Энэ дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь боомтын сэргэлт. Тухайлбал, боомтын сэргэлтийн үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн хамтын оролцоо ихээхэн өндөр хувьтай байна. Тухайлбал, Шивээ хүрэн боомтод төмөр замын төсөл амжилттай хэрэгжлээ. Түүнчлэн Ганц мод боомт дээр жолоочгүй машинаар тээвэр хийх боломж, бололцоо нээгдсэн. Мөн Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж нөхцлөөр хангаж, туршилтын зургаан сарын хугацаанд ажиллуулахаар болсон зэрэг тодорхой ахиц дэвшил, үр дүн гарч байна. Нэг нийтлэг хүсэлт байгаа нь бодлого тогтвортой байгаасай гэж хүсч байна. Түүнчлэн хүнээс хамааралтай байдлыг бууруулж, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоогоо сайжруулаасай гэж хүсч байна. Түүнчлэн бодлого шийдвэр гаргахдаа оролцогч талуудынхаа дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэдэг байгаасай. Эргээд хариуцлага алдсан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог байх нь чухал. Тухайлбал, төрийн албан тушаалтаны буруутай үйл ажиллагаанаас хамаарч төрийн ажил цалгардахад, авлига, албан тушаалын хэрэгт орооцолдох гэх мэт асуудал гардаг ч эргээд хариуцлага тооцдоггүй. Тиймээс хариуцлага алдсан бол хариуцдаг тооцдог, түүнийгээ ил тод мэдээллэдэг байх нь чухал. Шударга, нээлттэй, ил тод байх суурь зарчим тодорхой болчихвол төр, хувийн хэвшлийн түншлэлд бодит ахиц дэвшил гарна.
-Боомтын бүтээн байгуулалтад гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
Монгол Улсын хувьд боомтууд БНХАУ, ОХУ-тай хийх худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна дэлхийд гарах гарц болж байна. Тиймээс эдийн засгийн коридороо хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Тухайлбал, Бүс ба зам гэсэн Монгол Улс, ОХУ,БНХАУ-ыг холбосон төмөр зам, хуурай замын бүтээн байгуулалтаа хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн дэлхийд гарах гарц, боомтынхоо тоог нэмэх боломж бололцоог эрэлхийлэх нь чухал. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний дийлэнх нь овор хэмжээ ихтэй нурмаг ачаа, тоо хэмжээ их байдаг. Тиймээс энэ чиглэлд ажиллах гадны хөрөнгө оруулагчид олон бий. Тиймээс эдийн засгийн тооцооллыг аваад үзвэл боломжууд бий. Нөгөө талаас БНХАУ дэлхийн эдийн засгийн зорилтот зах зээл болчихоод байна. Тиймээс БНХАУ-д зарж татахгүй л бол тухайн бизнес оршин тогтнож чадахгүй болтлоо том хэмжээний нөлөөлөгч хүчин зүйл болж байна. Тиймээс бид хажууд, хөрш байгаа улсдаа хийх экспортын зах зээлийн боломжийг ашиглах нь нэн чухал.Тиймээс боомт дагасан эдийн засаг, чөлөөт бүсийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь зүйтэй.