Санхүү, хөрөнгийн зах зээлийн шинжээч, Зөв Статус ББСБ-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэртэй санхүүгийн салбар болон хөрөнгийн зах зээлийн ойрын төлөв байдлын талаар ярилцлаа.
– Санхүү, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй ажиглагч хүний хувьд дотоодын зах зээлийн төлөв байдлын талаар яриагаа эхэлье.
Саяхныг буюу ердөө ковидын өмнөх үеийг хүртэл Монгол Улсын санхүүгийн зах зээлийг үндсэндээ банкны салбар дангаараа бүрдүүлж ирсэн гэж хэлж болно. Жаахан тодруулбал нийт зах зээлийн 90-ээс дээш хувийг банкны салбар бүрдүүлж байсан бол 2020 оноос эхлэн энэ хувь хэмжээ тогтмол буурч, одоо 80 орчим хувь дээр ирсэн байна. Энэ ч утгаараа Монгол Улсын арилжааны банкны салбарын хөгжил, хүрэлцээ, хүртээмж нь олон улсын түвшинд хүрсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Энэ нь нэг хүнд оногдох банкны салбарын тоо, дансны тоо, картын тоо зэрэг уламжлалт банкны үзүүлэлтүүд болон цахим банкны үйлчилгээний хурд, хүртээмжээр ч батлагддаг. Түүнчлэн банкны салбар нь тогтвортой байдлын хувьд Европын өндөр стандарттай шалгуур болох Активын чанарын үнэлгээ (AQR)-г сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд хоёр ч удаа давчихлаа шүү дээ. Харин манай улсын банкны салбарын хувьд хамгийн том шүүмжлэгддэг үзүүлэлт нь зээлийн хүү байдаг. Гэвч энэ нь банкны системээс өөрөөс нь гэхээс илүү манай улсын эдийн засгийн бүтэц, төсвийн бодлогоос илүүтэй хамаарч байна.
Санхүүгийн зах зээлийн 2 дахь гол тулгуур багана бол хөрөнгийн зах зээл. 2007 оноос 2012 онуудад Оюу толгойн төсөл, түүнийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтын урсгалын нөлөөгөөр манай хөрөнгийн зах зээл тэлж, эзлэх хувь хэмжээ нь 10 хувиас дээш гарсан боловч 2013 оноос 2020 оныг хүртэл буцаад агшсан. Харин 2020 оноос буюу Ковидын үед Монголбанкнаас баримталсан мөнгөний хэт зөөлөн бодлогын нөлөөгөөр хөрөнгийн зах зээл эргэн тэлж, мөн биржийн бус гэх шинэ зах зээл хөгжиж бий болоход чухал нөлөө үзүүллээ.
Цаашид энэхүү өсөлтийг тогтвортой хадгалах, үргэлжлүүлэхэд хөрөнгийн зах зээлийн үндсэн хэрэгслүүд болох хувьцаа, бондын хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн, хэрэгслүүд шаардлагатай. Өөрөөр хэлбэл хувьцаа, бонд барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн зах зээлд үгүйлэгдэж байсан.
– Үнэт цаас буюу хувьцаа, нээлттэй болон биржийн бус бондыг барьцаалсан зээл гаргах хууль эрх зүй, зохицуулалт бэлэн үү?
Технологийн хөгжлийг дагаад барьцаагүй зээл ч их хэмжээгээр олгогдож байхад үнэ цэн нь өдөр бүр тодорхой тогтож, арилжаалагдаж байдаг үнэт цаасыг барьцаалсан зээл олгоход хууль, эрх зүйн талаас болохгүй зүйл огт байхгүй гэж харж байна. Хүн хөрөнгө оруулалт хийгээд хувьцаа, бонд авчихсан байдаг. Гэтэл гэнэт тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай болдог. Энэ үед заавал өөрийн хөрөнгө оруулалтаа буцааж зарахгүйгээр түр барьцаалаад асуудлаа шийдчихмээр байдаг. Энэ л асуудлыг шийдэж байгаа үйлчилгээ юм. Ерөнхий зээлийн харилцаа нь Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаад явах бол нарийн бүртгэлийн үйл ажиллагааг нь ҮЦТХТ ХХК-ийн ТУЗ-ийн 2019 оны тогтоолоор баталсан “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журам”-аар нарийвчлан журамлаад зохицуулаад өгчихсөн байна.
– Таны хэлснээр Статус ББСБ үнэт цаас барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд анх удаа гаргаж байгаа юм байна. Зээлийн нөхцөлийн талаар дэлгэрүүлбэл?
Нөхцөлийн хувьд бид таны эзэмшиж буй үнэт цаасны зах зээлийн үнэлгээний 60 хувь хүртэл дүнтэй зээлийг 12 хүртэл сарын хугацаатайгаар олгоно. Харин хэрвээ таны барьцаалах үнэт цаас нь бонд байх тохиолдолд зээлийн хугацаа нь тухайн бондын хугацаагаар хязгаарлагдах юм. Хүүний хувьд үнэт цаасны төрөл, үнэлгээ, харилцагчийн зээлийн хугацаа гэх мэт хүчин зүйлс, нөхцөлөөс шалтгаалан тооцогдох ба ББСБ-ын зах зээл дээр байгаа бусад хэрэглээний зээлийн хүүнээс харьцангуй бага байна.
“АНУ-тай харьцуулахад манай дотоодын банк хоорондын төлбөр тооцооны хурд, технологи нэвтрүүлж буй байдлаараа бараг илүү.”
– Гадаад арилжааны зах зээлд ажилласан туршлага, АНУ-д сурч ажиллаж байхдаа бусад улс орны хөрөнгийн зах зээлээс суралцах, монголд хэрэгжүүлэх туршлага юу байв?
Ажлын талбарт гараад цөөнгүй хэдэн жил ажиллаж байгаад суралцахаар үзсэн, мэдсэн болгоноо эргээд өөрийнхтэйгөө харьцуулж боддог юм билээ. Тэр нь ч дахин сурахад их сонирхолтой, арай амар болгосон байж магад. Эргэж ирэхдээ их л оргилсон хүн ирж байсан санагдаж байна. Ирээд удаагүй байхдаа банкныхаа bancassurance-ын (банк, даатгалын компани хамтарч, харилцагчид илүү үнэ цэнтэй, багц үйлчилгээ хүргэх үйл ажиллагаа) бизнесийг хариуцан ажиллах болж, анх удаа банкнаас өөр санхүүгийн салбар болох даатгалын салбар луу ажиллаж эхэлсэн. Энэ үед санаачлан хэрэгжүүлсэн зарим ажил, бүтээгдэхүүн үйлчилгээ маань одоо ч зах зээл дээр байдаг юм билээ.
Ямартай ч яг АНУ-тай харьцуулахад бол манай улсын санхүүгийн салбарын суурь хөгжил яалт ч үгүй цөөнгүй жилээр хойно. Харин дотоодын банк хоорондын төлбөр тооцооны хурд, технологи нэвтрүүлж буй байдлаараа бараг илүү шахам санагдсан. Тэр том орны том санхүүгийн систем уян хатан байдлаараа манайх шиг оронтой харьцуулахад арай удаан байх шиг байгаа юм.
Харин хөрөнгийн зах зээлийн хөгжил, арилжаалагдаж буй хэрэгсэл, мөн банк хоорондын зах дээр хийгдэж буй хэлцэл нь бол мэдээж хол илүү хөгжсөн. Нэг суурь хөрөнгө, хэлцлийг хэд хөшүүрэгдэж, хэлбэрийг нь хэд өөрчилж байгаа нь гайхалтай гэмээр. Энэ нь мэдээж ямар ч түвшний хүн энэ зах зээл рүү орсон түүнд таарсан бүтээгдэхүүн лангуун дээр бэлэн байх боломжийг бий болгож байгаа юм. Та зөвхөн өөрийн Засгийн газрын өрийн бичиг, эсхүл арай урт хугацаатай үнэт цаас, бондыг худалдаж аваад өөрийн хөрөнгөө зөвхөн инфляцаас хамгаалаад амьдарч болно. Эсхүл өөрийн ганц ам.доллароо хэдэн мянга дахин хөшүүрэгдэж орж болох өндөр эрсдэлтэй арилжааг ч хийх боломжтой. Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст яг өөрийнх нь хөрөнгө оруулалтын онцлог, хугацаанд нь таарсан үнэт цаас, хэрэгсэл заавал байдаг.
Тэгэхээр энэ зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн оролцогчдын хийх ажил гэвэл тэр олон бүтээгдэхүүн, үйлчилгээнээс дотоодын зах зээлийн хөгжлийн түвшин, онцлогт тохирсныг нь нэг, нэгээр нь эх орондоо нэвтрүүлж, нутагшуулах явдал байх даа.
“Санхүүгийн салбарын зохицуулалтыг сайжруулах чиглэлд хийгдэх ажлууд байгаа хэдий ч олон улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй түвшинд байна”
– Санхүүгийн зохицуулалт, хяналт бусад улс орнуудтай харьцуулахад хэр түвшинд байна?
Дээр дурдсанчлан манай улсын банкны салбарын хувьд сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд олон улсын, хараат бус, хөндлөнгийн шалгалтыг хоёр ч удаа давж гарч чадсан. Түүнчлэн Монголбанкнаас банкны хяналт шалгалт, зохицуулалтыг олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг 2020 оноос хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт тавьсны хамгийн эхний бөгөөд томоохон зорилт болох ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай банкны тогтолцоог бий болгох зорилтын эхний алхам нь өнгөрсөн жил үндсэндээ бүрэн хийгдэж дууслаа гэж хэлж болно. Цаашлаад хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зохистой засаглалыг сайжруулах зэрэг ажлууд нь богино хугацаанд амар хийгдэх ажлууд биш тул үргэлжлээд хийгдээд явах байх.
Мөн хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн хамгийн сүүлийн цуврал стандарттай нийцүүлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, цахимжилтыг үргэлжлүүлэн дэмжих зэрэг бодлогын чиглэлүүдэд чамлахааргүй үр дүн гарч байна гэж харж байна. Үүний нэг илрэл нь өнгөрөгч оны төгсгөлд Монгол Улс 2019 оноос хойш анх удаа дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин шууд холбогдсон явдал. Энэхүү үйл явдал нь гадаад худалдааны төлбөр тооцоо түргэн шуурхай, өртөг багатай хийгдэхэд багагүй дэмжлэг болно.
Дүгнээд хэлбэл банкны салбарын зохицуулалтыг сайжруулах чиглэлд хийгдэх ажлууд байгаа хэдий ч олон улс орнуудтай харьцуулахад чамлахааргүй түвшинд байна гэж харж байна.
– Голлох зохицуулагч байгууллагын тухай дэлгэрүүлж өгвөл?
Банкнаас бусад санхүүгийн салбаруудын хяналт зохицуулалтыг манай улсад Санхүүгийн зохицуулах хороо гүйцэтгэдэг. Тус зохицуулагч байгууллагын хувьд Төв банкнаас харьцангуй сүүлд (2005 онд Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан) байгуулагдаж, эрх зүйн байдал нь тодорхой болон ажиллаж эхэлсэн хэдий ч өнгөрсөн 20 хүрэхгүй жилийн хугацаанд олон ажлуудыг хийж, хөгжиж, дэвшиж ирсэн байна. Өнөөдөр тус байгууллага нь үнэт цаасны зах зээл, даатгал, банк бус гээд нийт 10 салбарыг хамарсан зохицуулалт, хяналтыг гүйцэтгэж, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажиллаж байна. Банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх уян хатан, таатай орчин бүрдүүлэх, технологийн дэвшлийг бодлогоор дэмжих, эрсдэлийн удирдлага, хяналтын оновчтой тогтолцоог бий болгох чиглэлд хийгдэж буй ажлуудынх нь хэрэгжилт үр дүнтэй байгаа нь зохицуулж буй салбаруудын хөгжлөөс харагдаж байгаа болов уу.
Ер нь тэгээд санхүүгийн салбарын хяналт, зохицуулалт өөрөө олон улсдаа ч тэр тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байдаг шинжлэх ухаан юм.
– 3 сард Монгол банкны бодлогын хүү 1 нэгж хувиар буурсан нь санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөх хүлээлттэй байна вэ?
Миний хувьд энэхүү 1 нэгж хувийн өөрчлөлтийг томоохон шууд нөлөө үзүүлнэ гэж харахгүй байна. Гол нь 2 жилийн дараа мөнгөний бодлого эргэн суларч эхэлж байгаа дохио өгч, зах зээлийн хүлээлтийг өөрчлөх зорилготой байсан гэж харж байна. Уг бодлогын шийдвэрийн нөлөөг бууруулж буй бас нэг үйл явдал нь 3-хан сарын дараа болох сонгууль. Энэхүү шийдвэртэй нийлээд сүүлийн 3 сонгууль дараалан төв банкнаас яг сонгуулийн өмнөхөн бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргаж байна.
Иймд, энэхүү шийдвэр нь цэвэр мөнгөний бодлогын шийдвэр байсан уу эсвэл улс төрийн нөлөө байв уу гэдэг эргэлзээ байна. Хэрвээ цэвэр мөнгөний бодлогоос илүү улс төрийн шахалт орсон бол энэхүү шийдвэрийн үр нөлөө улам сул байна гэсэн үг.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа.