Дарханы замд эвдрэл үүсч, зорчиход эрсдэлтэй нөхцөл үүссэн талаар нийтийн сүлжээнд мэдээлэл гарсан. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн мэргэжилтнээс тодрууллаа.
Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа мэдээллээр, Дарханы замд үүссэн эвдрэл гэмтлийг засварлахаар шуурхай арга хэмжээ авч байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэв.
Тус замын бүтээн байгуулалтын төслийн зохицуулагчаас тодруулахад, замын эвдрэлийг засахаар ажиллаж байна.
Шар усны үерээс болж 20-иод метр замд эвдрэл үүссэн гэлээ.
Одоогоор замыг сэргээхээр ажиллаж байгаа аж.