Б.Тамир: Цахимд шилжсэнээр зардлыг 20 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ
“Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ынхан орон нутагт ажиллаж байна. Тэдний хувьд ЦХХХЯ-наас цахимжилтыг эрчимжүүлэх үүднээс үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг”-т” төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран оролцож байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 20 гаруй байгууллагын хувьд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээг танилцуулж, аймгуудын цахим шилжилтэд тулгарч буй асуудлыг газар дээр нь таньж мэдэх, улмаар хамтран ажиллах, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож нэвтрүүлэх, хэрэглэгчээ болон зах зээлээ мэдээлэлжүүлэх, сургах чиглэлээр хамтран оролцож байна. Ингэснээр хувийн хэвшлийнхний хувьд зорилтот зах зээлийн хэрэглэгчидтэйгээ нүүр тулан уулзах, бүтээгдэхүүнээ борлуулах, шууд гэрээ байгуулах, нэтворкинг хийх, зардлаа хуваалцаж хямд үнээр үр ашигтай ажиллах зэрэг маш олон давуу талыг үүсгэж байгаад өдөрлөгийн нэг ач холбогдол оршиж байна. “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ нь 80 орчим гишүүн байгууллагатай мэргэжлийн холбоо бөгөөд мэдээлэл технологийн салбарын зөвлөн туслагч, холбогчийн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ТББ юм. Цахим шилжилтийг эрчимтэй, зөв байлгахад голлох үүрэгтэйгээр өдөрлөгт оролцож буй “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамирын хувьд төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, чанар болон хүртээмжийг сайжруулахын тулд цахимжилтыг улсын хэмэжээнд эрчимжүүлэх шаардлагатайг онцолж буй.
Түүний хувьд орон нутагт ажиллахдаа “Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар” илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ “Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.