Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 23 дугаар илтгэлийнхээ зарим хэсгээс өнөөдөр онцлон танилцуулав.
Тодруулбал уг илтгэлд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд ХЭҮК дараах дүгнэлтийг гаргажээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,000 гаруй хүүхэд бий. Ихэнхдээ эцэг эх нь асардаг тул хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж, өрхийн орлого буурдаг. Иймд эцэг эхийнх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлт болон сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн болон асаргааны тэтгэмжийг бодитойгоор тооцож хэрэгцээнд тулгуурлан тогтоох шаардлагатай байна.
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарсны тэтгэмжид сард 300,000 гаруй төгрөг олгодог. Гэтэл хүүхдийн зардал нэг сая гаруй байгаа тул тэтгэмжийг бодитой тогтоох хэрэгтэй.
Мөн хавсарсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд их бий бөгөөд уналт таталт нийтлэг байдаг. Уналт таталтын эсрэг эмийн хэрэгцээг хангах тогтолцоо, хүртээмжид анхаарах хэрэгтэй. Ялангуяа орон нутагт эм нь олдохгүй, хүрэлцэхгүй байгаагаас заавал нийслэлд ирэх шаардлагатай болдог.
Үүний дээр Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдолд гадаадад эмчлүүлээд ирэхэд хэрэглэх зарим эмийг нь Монгол Улсын бүртгэлд байхгүй гээд оруулдаггүй, хугацаа их шаарддаг зэрэг үзэгдэл байна. Иймээс шаардлагатай эмүүдийг яаралтай горимоор бүртгэж, даатгалд хамруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
Дээрх тайланд дурдсанаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдын 79.3 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь мэргэжилтэй байна. Гэсэн хэдий ч эцэг, эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдийг хувцаслах, бие засуулах, хооллох, ундлах, орон гэрийг нь цэвэрлэх, өөрт нь тухтай газар байрлуулах, зөөх, эмчилгээ хийлгэх, эм тариа худалдан авах, хувцас, цагаан хэрэгслийг угаах, салхинд гаргах, нарлуулах зэрэг үүргүүдийг өдөр тутамдаа гүйцэтгэх шаардлага байдаг тул хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.