Мэдээж ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн хэрэглэж мэдрэмжид нь шунан дурлах нь нэг ёсны донтолт. Улс орноороо, том жижиггүй ямар нэгэн зүйлд донтчихсон, донтсоноо ч мэдэхгүй өдөр хоногуудыг элээж байна. Нийгмийн тэр чигт нь бүрхсэн хэрэглээний донтолт гэж айхтар зүйл байна. Хэрэглээг хангах гэж бус эдэлж хэрэглэж байгаа зүйлээрээ Дорж эсвэл Батаас илүү гаргах гэсэн хүсэл, илүү үнэтэй зүйл хэрэглэж байгаагаасаа авсан мэдрэмжээрээ мэдэх мэдэхгүй юу ч хамаагүй худалдаж авч өрнөөс өрийн хооронд амьдарч байна. Сүүлийн шинэ загварын гар утас алдалгүй худалдан авч байгаа боловч нөгөө л нэг хуучин утсаараа ордог байсан фэйсбүүк орж утсаар ярьж, мессеж бичихээс хэтрэхгүй. Нөгөө талаас дутуугийн мэдрэмжээс үүдэлтэй юм уу даа. Энэ бага нас нь нийгмийн хүнд цаг үед өнгөрч ердөө амьд явах шаардлагатай хэрэгцээний хоол хүнс дутуу дулимаг байснаас улбаалж өнөөг хүртэл баяр наадам бүүр энгийн өндрүүдэд хүртэл их хэмжээний хүнсээр ширээг заавал дүүргэж засах гэх энгийн зүйлүүдээр илэрч байдаг.
Архи, тамхинд донтсон гэж сонсож байсан бол одоо илүү цар хүрээгээ тэлж видео тоглоом, гар утас, дэлгүүр хэсэх гэх мэт бидний хувьд шинэхэн донтолтууд хүрээгээ тэлсээр. Их Британийн “Action on Addiction” байгууллагын мэдээлснээр дэлхий дээрх 3 хүн тутмын 1-д ямар нэг төрлийн донтолт байдаг гэнэ. Донтолт гэдэг бол хүний хийдэг ямар ч хамаагүй зан үйлээр илэрдэг түр зуурын тайтгарал тайвшрал өгдөг зүйл. Тиймээс хүн шунан дурладаг, гэхдээ сөрөг үр дагаварт нь зовдог, хэчнээн хор уршгийг нь мэдэж байгаа ч гэсэн болих гэхээр чаддаггүй хүний үйлдлийг хэлдэг. Бид донтолтыг архи, тамхи мэтээр л төсөөлж явдаг бол энэ илүү олон төрөл хэлбэр байдаг. Дэлгүүр ороод заавал юм авч гарах хүртэл нэг ёсны мөнгө үрэх дон юм. Жишээ нь архи, тамхи, никотин, мансууруулах бодис, кокайн, дасгал, экстрим спорт, сошиал медиа, мөрийтэй тоглоом, интернэт бооцоо, идэх, секс, дэлгүүр хэсэх, ажлын мал болтол ажиллах гэх мэт юу ч байж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсад электрон тамхины хэрэглээ ихсэж мөн л донтолт бий болгож байна. Сайн ажиглавал дийлэнх нь хүзүүндээ “соосго” шиг зүүсэн харагдана. Хальт таараад л мэнд мэдэх хооронд тэвчихгүй сороод авна. Энэ бүхэн даамжирсаар яг л янжуур тамхи шиг дараагийн үедээ өвлүүлдэг донтолтыг бий болгох магадлал өндөр байна.
Үүний нэг тод жишээ нь интернэт бооцоо юм. Дийлэнх хувь нь залуус тоглох энэхүү бооцоо нь хожихоос хожигдох нь их. Тиймээс алдсан мөнгөө эргүүлэн олох зарчмаар хэзээ ч гарч чадахгүй мөнхийн эргүүлэгт ордог. Хүн өөрийгөө ухамсартай захирч байна гэж боддог боловч өөрийгөө донтсон гэдгээ ч мэддэггүй. Сүүлийн жилүүдэд интернэт бооцоо, покер зэрэг илүү олон төрөл болсоор байна. Харамсалтайн нь хамаг эд хөрөнгө, гэр орноо хүртэл тавьж туугаад, өрөнд баригдах, амиа хорлох зэрэг энэ бүхний сөрөг үр дагавар дэндүү их.
Үүгээр ч зогсохгүй шинэхэн юм шиг хэр нь бидний чихэнд хоногшоод удаж буй хар тамхи, мансууруулах бодис газар авсаар л байна. Кинон дээрээс л үзэж, сонсож байсан бүхэн амьдралын нэгэн хэсэг болж “тэр дуучин , тэр олны танил хар тамхины хэргээр баривчлагдлаа” гэж сонсох энүүхэнд. Хамгийн зүрх шимшрэм мэдээ нь өсвөр насны хүүхдүүд эмийн сангаас жортой, жоргүй олгодог эмийн авч хэрэглэн мансуурах явдал гарсаар байгаа нь донтолт хэр залуужиж байгаагийн илрэл юм. Нэг талаасаа нийгэм стресс бухимдал ихтэй, хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа нь бүхнийг түр зуур мартах гэсэн явцгүй хүсэлд хөтөлсөөр.
Донтолт эхлэх олон шалтгаан бий. Мансууруулах бодис, архи, никотины хувьд эдгээр бодисууд нь таны мэдрэмжийг өөрчилж, донтолтод хүргэдэг. Эдгээр эмүүдээс үүдэн бие махбодын болон сэтгэцийн өөрчлөлтүүд гарч болно. Мэдрэмж нь тааламжтай байснаар бодисыг дахин ашиглах хүчтэй хүсэл эрмэлзлийг үүсэгдэг.
Донтолт нь хүнд хэцүү асуудлуудыг даван туулах арга зам байж болно. Ажилгүйдэл, ядуурал нь донтолтыг өдөөж өгдөг. Бусад өдөөгч хүчин зүйлүүд нь стресс, харилцаа холбоо, сэтгэл хөдлөл, ажлын дарамт байж болно. Иймээс нийгэм хэдийн чинээ стресс бухимдалтай, амьдрах нөхцөл хангалтгүй байх тусам төдийн чинээ энэхүү асуудлаа түр хугацаанд мартах гэсэн оролдлогууд нь эргээд донтолтод хүргэх боломжтой юм.
Донтолтыг өдөөх эдгээр олон хүчин зүйл байдаг бол нөгөө талаас бидний үзэж харж өссөн орчин нөхцөл, туршлагууд чимээгүйхэн донтогч болгож байна. Биднийг бага байхаас эхлээд л ямар ч баяр ёслол болсон архигүй байдаггүй. Өдөржин хөмсгөө зангиддаг аав нь архи уугаад л элгэмсэг зөөлөн болоход хэн дургүй байх билээ. Бүгд согтож аз жаргалтай болж байгааг хараад өссөн бид насанд хүрээд бушуухан л түүнийг хэрэглэж үзэхийг хүснэ. Насанд хүрээд аав ээж шиг ээ найзуудтайгаа нийлж байгаад л хэрэглэж үзнэ, дандаа хэргэлдэг болно. Сүүлдээ энгийн хэрэглээ мэт болж аль хэдийн донтогч болно. Тиймээс бид алхам тутамдаа дараагийн донтогчийг чимээгүйхэн бэлдэж байх боломжтой юм.
Нэгэнт донтсон тохиолдолд бие махбод болон сэтгэл санаа хувьд өөрийгөө хянах боломжгүй болж эхэлдэг.
- Донтолттой хүмүүст уушги, зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн байдал зэрэг нэг буюу хэд хэдэн эрүүл мэндийн асуудал байдаг.
- Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахаа болих
- Донтуулагч зан үйлийн төлөө мөнгө олохын тулд эд зүйл хулгайлах эсвэл зарах
- Өөрийгөө хянаж чадахгүй байдалд хүрэх
- Хооллох, унтах, жингийн өөрчлөлт бий болох
- Донтсон зүйлээ хийхгүй байж чадахгүй болох, тухайн донтсон зүйлээ маш ихээр хүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Хүмүүс биологийн хувьд урамшуулал авах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Ихэнхдээ эдгээр шагналууд нь эрүүл зан үйлээс үүдэлтэй байдаг. Хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх эсвэл амттай хоол идэх үед таны биед допамин хэмээх химийн бодис ялгардаг бөгөөд энэ нь танд таашаал өгдөг. Ингэснээр дахин дахин давтах замаар донтдог байна.
Бэлгийн харилцаанд орох, мөнгө үрэх гэх мэт үйлдлүүд нь тархинд их хэмжээний допаминыг ялгаруулж байдаг. Энэ нь амьд үлдэхийн тулд хийх ёстой зүйлээ (хоол идэх, ажиллах, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх) хийхэд түлхэхийн оронд ийм их хэмжээний допамины түвшин таны бодол санаа, мэдрэмж, зан төлөвт муугаар нөлөөлдөг. Ингэснээр эрүүл үйл ажиллагаанаас бага таашаал авах эрүүл бус хүсэл эрмэлзлийг бий болгодог.
Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн донтсон зүйл нь таны тархины химийн найрлагад өөрчлөлт оруулж, та тэдгээрийн нөлөөнд мэдрэмтгий болдог. Дараа нь ижил нөлөө үзүүлэхийн тулд танд илүү их зүйл хэрэгтэй болно.
Донтолт нь нэг хэлбэрийн маш ноцтой сэтгэцийн асуудал боловч архи уусан, тамхи татсан эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн хүн болгон донтолтод өртөхгүй. Харин яг ямар төрлийн хүмүүс донтолтод илүү ихээр өртөмтгий болохыг нарийн тайлбарлахад бэрх бөгөөд өнөөг хүртэл хийгдсэн судалгаанаас үзэхэд доорх хэдэн үндсэн хүчин зүйлүүд донтолт бий болоход гол үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
Генетик: Судалгаанаас харахад удамшлын хүчин зүйл нь аливаа SUD-ийн эмзэг байдлын 40-60% -ийг хариуцдаг. Хэрэв та нэгдүгээр зэргийн хамаатан садан (биологийн ах, эгч эсвэл эцэг эх) мансуурлын өвчтэй бол та ийм өвчтэй болох магадлал өндөр байна. Эрдэмтэд энэхүү эмзэг байдалд нөлөөлж болох тодорхой генийг олохоор ажиллаж байна.
Сэтгэл зүйн асуудлууд: Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD), Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), Сэтгэл түгших эмгэг (Anxiety disorder), Сэтгэл гутрал (Depression), Ганцаардал зэрэг сэтгэл зүйн эмгэгүүд нь донтолт бий болох бас нэгэн гол шалтгаан болдог байна. Ихэнх хүмүүс дээр дурдсан өвчин эмгэг болон асуудлуудаа дарахын тулд мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг боловч энэ нь эргээд өөрөө илүү том асуудал болдог.
Нийгэм, хүрээлэн буй орчин: Үе тэнгийнхний дарамт шахалт нь мансууруулах бодис хэрэглэж эхлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ялангуяа мансууруулах бодисын хэрэглээ түгээмэл байдаг газар ажиллаж сурдаг хүмүүс энэ төрлийн донтолтод илүү өртөмтгий байдаг.
Мансууруулах бодисын төрөл: Донтолтыг бий болгодог өөр нэгэн зам нь ямар төрлийн бодис хэрэглэснээс шалтгаалдаг байна. Жишээлбэл зарим төрлийн бодис тархи дахь хүлээн авагчдаа шууд хүрч үйлчилдэг учраас донтуулах шинж чанар маш өндөр байдаг бол зарим төрлийн бодис нь химийн найрлагынхаа хүрээнд донтуулах чанар багатай байдаг байна.
Нас: Төдий залуу байхдаа мансууруулах бодис хэрэглэж эхэлнэ тэр хэрээр донтох эрсдэл илүү нэмэгддэг аж. Бага насны сэтгэл санааны гэмтэл шок: Хүүхэд насандаа үл ойшоогдсон, ямар нэг төрлийн бие болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл зэрэгт өртөж сэтгэл санааны гүн шоконд орж байсан хүмүүс донтолтод илүү өртөмтгий болдог байна. Учир нь эдгээр гэмтэл шок нь хүний тархин дах химийн бодисуудыг өөрчлөлтөд оруулснаар тархийг гэмтээж тухайн хүн биологийн талаасаа донтолт болон бусад төрлийн сэтгэцийн өвчинд илүү өртөмтгий болдог байна.