Сүхбаатар аймагт ухуулагч хийхээр очсон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг хаагджээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар 2024 оны зургадугаар сарын 10-ны өдөр нэр, хаягаа нууцалсан дугаараас “Манай дүүг хүчирхийлсэн байж болзошгүй” гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалт хийхэд зургадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Улаанбаатараас сонгуулийн ажилд оролцохоор Сүхбаатар аймагт очсон 21-24 насны зургаан эмэгтэй байсан. Харин Ардчилсан намын сонгуулийн ажилд оролцохоор Сүхбаатар аймагт очсон эмэгтэйчүүд өөрсдөө дуудлага өгөөгүй бөгөөд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Улмаар Сүхбаатар аймгийн прокурорын газар, аймгийн мөрдөн байцаах албанаас холбогдох хүмүүсээс мэдээлэл авч, “Сүхбаатар аймагт ухуулагч хийхээр очсон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж тооцон хаажээ.