Парисын олимпын наадмын алдартнуудын нэг нь БНТУ-ын буудлагын тамирчин Юусуф Дикэч. Тэрээр хийн гар бууны 10 метрийн холимог багийн төрөлд тусгай хэрэгсэлгүй ч мөнгөн медаль хүртсэн. Түүний нэг гараа халаасандаа хийсэн, маш тайван харагдах зураг цахим орчинд шуугиан тарьсан юм.Түүнээс ярилцлага авахаар дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид хандсаар байгаа аж. Түүний ВВС Турк сувгийн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Туркийн буудлагын спортын анхны олимпын медальтан болсондоо маш их баяртай байна. Миний медалийн цуглуулгад олимпын медаль л дутуу байв. Анх 2008 онд Бээжингийн олимпт оролцсон.
Би буудлагаар хожуу буюу 28 настайгаасаа хойш хичээллэж эхэлсэн. Нэг удаа санамсаргүй буудаж үзээд, таалагдсан тул хичээллэж эхэлсэн юм.
Амжилт хэзээ ч амархан ирдэггүй тул их хичээсэн. Буудлагын спортоор хичээллэх нь Туркт тийм ч түгээмэл биш. Иймд би хэдийгээр ДАШТ, ЕАШТ-д олон удаа түрүүлсэн ч олон нийтэд төдийлөн танигдаагүй байх. Олимпын медальтан болох нь огт өөр байдаг юм байна. Өмнөх олимпиадуудад би бэлтгэлээ сайн базаасан ч өрсөлдөөний дарамт, сэтгэл хөдлөлөө бүрэн удирдаж чадаагүй тул амжилт гаргаж чадаагүй. Тамирчид “Би чадна” гэж өөртөө итгэх нь их чухал. Тэгвэл ялалт байгуулдаг.
Би хамтрагч Илайдагийн хамт дасгал сургуулилалтаа сайн хийсэн. Бид өнгөрсөн онд дэлхийн аваргын тэмцээний багийн төрөлд мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн хоёрдугаар сард Бразилд болсон ДАШТ-ий аваргууд болсон тул олимпоос алт авна гэсэн зорилготой ирсэн.
Миний зургийг олон хүн түгээж, эерэг сэтгэгдлүүд бичсэнд их гайхсан бас баярласан. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Хэдий бид мөнгөн медаль хүртсэн ч алтнаас дутахгүй үнэ цэнтэй гэдгийг ойлголоо.
Би тусгай хэрэгсэлгүй буудсан нь манай буудлагын холбооны хангамжтай огт холбоогүй. Холбооноос бидэнд шаардлагатай хэрэгслүүдийг мэдээж хангадаг. Надад тухгүй байдаг болохоор л би хэрэглэдэггүй юм. Чихний хамгаалалт, линз зарим тамирчинд нэмэр болдог учраас хэрэглэдэг байх. Зарим ээж аав хүүхдээ буудлагаар хичээллэхэд нь дэмжихгүй байх нь бий. Бид буудлагаар хичээллэлээ гээд буугаа хаа сайгүй хэрэглэнэ гэсэн үг биш. Иймд санаа зовох хэрэггүй.
Би өмнө нь өөрийгөө финалд шалгарахад амжилт гаргасанд тооцдог байв. Бид олимпоос мөнгөн медаль хүртсэн нь залуу тамирчдад урам зориг өгсөн гэж найдаж байна. Миний дараагийн зорилго 2028 оны олимпоос алтан медаль авах. Лос-Анжелесийн олимп бол миний сүүлчийн тэмцээн. Гэхдээ би буудлагаа орхихгүй.
Эх сурвалж: BBC