УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрээр, Засгийн газар Монгол үндэстний оршин тогтнох амин чухал дархлаа болох үндэсний түүх, хэл, соёл, өв, уламжлалт зан заншлаа хадгалж хамгаалах, дэлхийн улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшил, амжилтыг дэлхий дахинд сурталчлах, улс орныхоо гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаад, УИХ-ын гишүүдэд дараах 5 чиглэлийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Үүнд:
- Засгийн газар Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөөг баталж, Олон улс дахь Сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр байгуулжээ. Нэгдсэн стратеги, төлөвлөгөө баталж хэрэгжүүлснээр Монгол Улсын дотоод, гадаад бодлого ардчилал шинэчлэлийн үйл явц Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулан сурталчлах, эерэг зөв ойлголт төрүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгоно хэмээн үзэж байгаа юм байна.
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулсан байна. Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын талаар гадаадын жуулчдын болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц эерэг мэдээллийг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргаж эхэлжээ. Тухайлбал, 2023 оны эхний улиралд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн нийт 16 ярилцлага нийтлэгджээ
.
- Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн өнгө төрх, брэндингийг тодорхойлжээ. Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, 2023 онд зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанлийг гаргаж дэлхий дахинд зарласан. Монгол Улсын нээлттэй байдал, зочлох заншлыг илэрхийлэн “Welcome to Mongolia” гэсэн үгийг түлхүүр үгээр сонгож, брэндингийн нэгдсэн өнгө төрх, загварыг 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталжээ.
- Гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд олон улсын тинк танк болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд CNN, Bloomberg, BBC, Financial Times, The Economist, National Geographic, Vanderlust зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ хийж, одоогийн байдлаар CNN агентлагтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулан, Монгол Улсын талаар видео реклам түгээх, нийтлэл бичих зэрэг ажил хийж эхэлжээ.
Олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүнд, сурталчилгааны оновчлолоор 2021 оны байдлаар 4000 хандалттай байсан бол 2022 оны эцэс гэхэд 7200 болон нэмэгдэж, манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан бол 2022 оны эцсээр 28 хувь болжээ.
Олон улсын хэвлэлүүд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт, дээд хэмжээний айлчлал, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж буй зэрэг дөрвөн гол сэдвийг голчлон хөндсөн байна. Түүнчлэн Кембриж Кингс байгууллага манай улс дахь хүний эрх, ардчиллын ололт амжилтын талаар, “Өү Эс Эс Девелопмент Институт” олон улсын тинк танк байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын талаар томоохон судалгаа тус тус хийж, гаргасан байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сэтгүүлийн тусгай дугаарт манай улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тухай болон өвийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, хамгаалалтын менежментийн талаар, ХБНГУ-ын Берлин хотын “Миний дүүрэг” сэтгүүл, Нидерландын Хаант Улсын “Дипломатик Ворлд”, Францын аялал жуулчлалын “Пети Фүттэй” сэтгүүлд Монгол Улсын талаар тусгай нийтлэлүүдийг англи, герман, франц хэлээр хэвлүүлж, олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, соёлын өдөр зэрэг арга хэмжээний үеэр түгээжээ.
- Үндэсний болон орчин үеийн урлаг, соёл, спортын ололт амжилтыг таниулан сурталчлах ажил идэвхэжжээ. Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоолын дагуу Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн биеналль, Каннын 75 дахь удаагийн кино наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Эдгээр арга хэмжээний үеэр Монголын талаар олон улсын хэвлэлд 30 гаруй мэдээ, ярилцлага нийтлэгдэж, зарим улс оронтой соёлын харилцааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгуулсан байна.
Каннын кино наадмын үеэр Монгол Улсын 200 орчим кино уран бүтээлийг сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлжээ. Морин хуурын чуулга Японы алдарт “Эн Эйч Кэй Холл”-д, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ЮНЕСКО-ийн төв тайзнаа бүрэн бүрэлдэхүүнтэй тоглосон байна. ХБНГУ-д морин хуурын анхны наадмыг зохион байгуулж, Дэлхийн соёлын “Нүүдэлчин Монгол” фестивалийг Монгол Улсад хийсний дээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног англи хэлээр бүтээж, Европын улс орнуудад толилуулжээ.
Монголд зочлох жилийн ажлын хүрээнд, Болгарын Софи хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Германы Штуттгарт хотноо болсон “Си Эм Ти Штуттгарт”, Хамбург хотноо болсон Райзен Караванинг, Унгарын Будапешт хотноо болсон олон улсын аялал жуулчлалын 45 дахь удаагийн үзэсгэлэнд тус тус оролцсон байна. Мөн Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулагдсан “Соёлын төв харилцан байгуулах тухай” хэлэлцээрийн дагуу Бээжин хотноо Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дэргэд “Монголын соёл мэдээллийн төв”-ийг байгуулжээ.
- Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна. 2022 оны байдлаар дэлхийн 20 оронд Монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач нар байна. Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын 10 улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Мөн гадаад улсууд дахь Монгол судлалын төвүүдтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, ном бүтээлүүд хэвлэн гаргаад байгаа аж. Энэ онд Бүгд Найрамдах Эстони Улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулахаар ажиллаж байгааг дуулгасан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэлдээ, дэлхийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал, цар тахал зэргээс үүдэлтэй хүнд хэцүү цаг үед гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт шаардагдаж буйг дурдаад, гадаад сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, ахиц дэвшил гаргах шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглээд, 2023 онд Морин хуурын чуулгын Австралийн Сиднейн дуурийн театрт хийх тоглолт, “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тоглох, “Баянмонгол” чуулгын Германд болох “Дэлхийн жааз фестиваль”-д оролцох бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Францын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа тухай танилцуулав.
Б.Туул
Эх сурвалж: www.cnews.mn