Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцож “Шинэ Сэргэлт-Шинэ Мянган” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн энэ үеэр Монгол Улсын Их сургуулийн ашиглалтад ороод удаагүй байгаа “Багш, оюутны хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг МУИС-ийн захирал Д.Бадарч Ерөнхий сайдад танилцууллаа. Үүний дараа төрийн өмчит зургаан их сургуулийн захирал, удирдлагуудтай уулзаж, санал солилцсон юм.
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Оюутан залуустай уулзах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутны хөгжлийн талаарх төр засгийн бодлого, ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ач холбогдол, цар тахлын өмнөх болон дараах цаг үеийн байдал, гадаад дотоод хүчин зүйлс, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулаад,тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх зорилго шийдлүүдийг танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.
“Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьдог хэмээн Ерөнхий сайд онцолсон. Тэрээр, “1980 онд төрсөн залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно” гэдгийг онцлон хэллээ. Түүнчлэн интернэт, техник, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж, торнисон учраас өнөөгийн оюутнууд буюу Gen Z, шинэ үеийн залуучуудын гол онцлог нь хүлээлтэд нийцэхгүй тохиолдолд дүгнэлт, шийдвэрийг маш хурдан гаргахаас гадна бизнес, брэндүүд, аливаа зүйлд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг тэмүүлэл өндөртэй болохыг олон судалгаа нотолсон байдаг. Тиймээс манай улсын тухайд ч ОЮУТНЫ ХӨГЖИЛ гэдэг ойлголт төрийн бодлого, сургалтын агуулга, сургуулийн орчин гээд бүх талд цогцоороо хөгжих шаардлагатай. Тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд ойрын жилүүдэд 39 мянган инженер шаардлагатай байгааг Ерөнхий сайд илтгэлдээ дурдсан.
Оюутнуудын өмнө тулгамдаж буй 10 асуудлыг шийдвэрлэнэ
Оюутнууд эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг хүссэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудал бүртэй холбоотой Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч, заримыг нь газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, өдгөө төрийн 67 байгууллагын 747 үйлчилгээг нэг дор нэгтгээд байгаа “Е Mongolia” цонхонд “E student” цэсийг нэмж холбох байдлаар оюутнууд боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэл зэрэг төрийн бүх цахим үйлчилгээг гар утсаараа авах боломж тун удахгүй бүрдэнэ гэсэн юм.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа Боловсролын багц хуулийн шинэчлэлээр олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хэлээд улсын шалгалтын үеэр их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулахыг төрийн өмчит зургаан сургуулийн захирлуудад үүрэг болгосон юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн даатгалгүй оюутнуудыг нэг удаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах боломжтой гэж мэдэгдсэн юм. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн уулзалтын үеэр албан ёсоор зарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оролцох шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг өнөө жил нэмэгдүүлж, дотоодын их, дээд сургуулийн 2-3 дугаар дамжааны 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна. Мөн Боловсролын зээлийн сангийн шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зээл олгодог байсан бол Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг энэ удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдоно гэдгийг дуулгалаа. Орон даяар эхлүүлсэн уг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл зарласан бөгөөд нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалсан юм.
Б.Туул
Эх сурвалж: www.cnews.mn