Монголын хүн ам нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих гээд зүдэрч явахад дээрээс нь нийт хүн амын 47 орчим хувь нь нийслэлд амьдарч байгаа нь олон хүний толгойн өвчин болоод байна. Хэдийгээр Үндсэн хуулинд иргэд өөрсдийн ажиллаж амьдрах газраа сонгох эрхтэй гэж заасан боловч хүн амын шилжилт хөдөлгөөний байдал нь төв суурин газруудын ачааллыг нэмэгдүүлж,шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудлыг үүсгээд байгаа юм.
Ялангуяа алслагдсан аймаг орон нутаг руу чиглэсэн нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, ажлын байр, хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг яаралтай нааштайгаар шийдвэрлэхгүй бол хөдөөгөөс хот руу тэмүүлэх хот суурин газар луу шилжин суурших иргэдийн тоо цаашид ч өснө гэдгийг Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэд хэлж байна.
Хамгийн гол нь алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж чадвал орон нутагт иргэд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Хэрэв бид эдгээр асуудалд анхаарч чадахгүй бол хотын хүн амын түгжрэл, төвлөрөл нэмэгдсээр байх болно. Шинэ хотын бүтээн байгуулалт 2040 он гэхэд цаасан дээрх мянгуужингийн үлгэр хэвээрээ байх болно. Бүр цаашилбал, дагуул хотуудыг хөгжүүлэх төлөвлөгөөг 2020-2040 оны хооронд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч өнөөдөр хотын хаяанд хөгжсөн хот алга гэдгийг хатуухан шүүмжлэх иргэд олон байна.