Дэлхийн хамгийн халуун газруудын нэгт тооцогддог бүсэд Австрали улс уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн, ногоон байгууламж бүхий хамгийн эко шинэ хотыг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Сидней хотын бизнесийн дүүрэг болон далайн эргээс баруун зүгт 56 гаруй км зайд “Брэдфилд Сити” нэртэй тус хотын барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа аж. Энэхүү шинэ хотоо 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын шинэ нисэх буудлынхаа яг дэргэд нь барих ажээ.
Шинэ хот болон нисэх буудал нь 11 мянган га талбайтай Аэротрополис хэмээх суурьшлын бүсийн нэг хэсэг болох юм байна. Мужийн захиргаанаас энэхүү төслийг 2.5 сая гаруй хүн амтай, ЭЗХАХБ-ын орнууд дунд өсөлтөөрөө тэргүүлж буй Баруун Сиднейн бүсэд “Шинэ ажлын байр, эдийн засгийн боломжуудыг огцом нэмэгдүүлнэ” хэмээн найдаж байгаа аж.
Австралийн Засгийн газраас 668 сая ам.долларын санхүүжилт, мөн үндэстэн дамнасан хэд хэдэн компаниудын дэмжлэгийг авсан тус хотод технологийн компаниуд, их сургуулиуд, мөн нийтийн болон амины орон сууцууд төвлөрөх юм байна. Хотын анхны барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Брэдфилд Ситид тулгарч буй гол сорилтуудын нэг нь зуны хэт халалт бөгөөд эргээс зайтай байршлын нөлөөгөөр Сиднейн зүүн хэсгээс даруй цельсийн 10 хэмээр илүү халдаг аж. 2020 онд Брэдфилдийн ойролцоох бүсэд агаарын хэм +48.9 хүрсэн нь Австралийн зүүн эргийг хамарсан түймэртэй давхцаж байжээ.
Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлын нөлөөгөөр тус бүсэд ойгүйжилт нэмэгдэж, хөрс доройтох, амьтан ургамал ховордох гэх мэтээр дэлхийн дулаарлын сөрөг нөлөөнд илүү мэдрэг болсон нь санаа зовоосон асуудал цөөнгүй байгаа юм. Одоогоор “Northrop Grumman”, “Mitsubishi Heavy Industries” зэрэг 37 компани Брэдфилдийн бүтээн байгуулалтын ажилд түншлэхээр мужийн захиргаатай гэрээ хийжээ. Энэ оны эцсээр 50 болж нэмэгдэхээр байгааг төслийг хариуцагчид мэдээлж байна.
Усыг дахин ашиглана, мод тарина
Брэдфилдийн төлөвлөлтөөс барилгын ажил хүртэл бүхий л үйл явцын турш тогтвортой хөгжлийн зорилтуудыг чанд мөрдөж ажиллахаар зорьж байгаа аж. Мөн нар, салхи, устөрөгч, био эрчим хүчний эх үүсвэрээс тус хот 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдахын зэрэгцээ төслийн эхнээс ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх юм байна.
Харин хэт халалтын асуудлыг шийдэхийн тулд бизнесийн болон орон сууцны зориулалттай барилга барихдаа дээвэр болон хатуу хучилттай гадаргуу нь нарны тусгалын ойлтоос орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах загвартай байхаар тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл барилгын дээврийг цайвар өнгөөр будах зэрэг арга хэмжээ авах ёстой аж.