Улаанбаатар хотод иргэдийн ажил амьдралын цагийг хамгийн их үрээж, бухимдал төрүүлэх шалтгаан болж буй зүйл бол автозамын түгжрэл. Тэгвэл олон жил яригдсан энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс “Сэлбэ сэргэлтийн төсөл”-ийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байгаа билээ.
Энэ төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулах боломжийг судлах үүргийг Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, хотын даргад үүрэг болгосон байна. Мөн энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг оролцуулах ажлын хэсгийг бас байгуулжээ.
Сэлбэ сэргэлийн төслийг хэрэгжүүлэхэд 300-500 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоололыг холбогдох мэргэжилтнүүд гаргаад байна. Уг төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах голлох нөлөөг үзүүлнэ гэж төлөвлөж байгаа ажээ.
Энэ тухай Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дараах мэдээллийг өгсөн юм.
-Улаанбаатарыг хойд урд гэсэн тойрог замын хэлбэрт оруулна. Урд зам буюу Туул голыг дагасан хэсэг дээр Зам, тээвэр хөгжлийн сайд хариуцаж ажиллах бол хойд замыг нийслэлийн Засаг дарга хариуцаж ажиллана. Дүүжин тээврийг Францын талтай тохирсон учраас энэ ажлыг хийж дуусгана.
Эхний шугамыг 2024 оны зургадугаар сараас өмнө ашиглалтад оруулна. BRT Сэлбэ сэргэлтийн хүрээнд болон өмнө нь гаргасан ажил дээр тусгайлсан эгнээ бүхий автобусны асуудал байгаа. Энэ хамгийн хурдан хугацаанд хэрэгжих боломжтой төсөл, санхүүжилт нь шийдэгдчихсэн. УИХ-аар соёрхон батлуулна.
BRT-ыг Сэлбэ сэргэлтийн төсөлтэй уялдуулаад Энхтайвны өргөн чөлөө юм уу, Ард Аюушийн өргөн чөлөөний аль нэг дээр явуулах боломжтой гэв.