Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс дунд оврын болон цахилгаан автобусуудыг зургаадугаар сарын 1 гэхэд оруулж ирэхээр төлөвлөөд байна.
Энэ тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хэлэхдээ “Нийтийн тээврийн паркийг энэ жил 800 автобусаар шинэчилнэ. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус байх юм. Цахилгаан автобусууд энэ сарын 26 гэхэд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна” гэсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар энэ үеэр “Автобусууд нэгдсэн стандарттай байх ёстой”-г онцолж байв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, ЗАА-ны дарга М.Баяраа гэр хорооллын бүсэд энэ жил автобусны 200 буудлыг шинэчлэхээр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байгааг хэллээ.