“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгөөр яаж бүтэн сар амьдрах вэ, сайд аа?
Хэн бүхэнд нээлттэй цахим орчинд “Ээжүүдийн грүпп” гэсэн 96 мянган гишүүнтэй, 120 мянган гишүүнтэй “нууц хаалга”-ны цаана хэдэн мянган ээжүүд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоосой” гэсэн хүлээлттэй, өдөр бүр энэ тухай ярьсаар, жагсаж зогсох санал дээр ширүүхэн нэгдсээр байна.
Тэдний олонх нь “…Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх бодлого. Цаашлаад хүүхдээ эрүүл энх, боловсрол мэдлэгтэй өсгөхөд зориулсан төрийн дэмжлэг юм. Хөшөө дурсгал нэртэй ур ухаан муутай, болхи бүтээлд 500 сая төгрөг, цаашлаад 32 тэрбум төгрөг төсөвлөж чаддаг хэрнээ төсөв хэлэлцэх болгондоо хүүхдийн мөнгө рүү сарвалзаж, хасдагаа болих хэрэгтэй. Хүүхдүүд хөшөө дурсгалаас илүү чухал. Төрийн томчууд нь хэдэн тэрбумаар нь хулгай дээрэм хийж байхад хүүхдийн мөнгийг бид үр хүүхдүүддээ өгөх ёстой. Хүүхдийн мөнгөө авсан нь ч зөв зарцуулах ёстой” хэмээн уур бухимдлаа илэрхийлсээр байна.
Цаг үе өөр болжээ. Цаасан дээр өргөдөл бичээд хариу хүлээж суудаг үе ард хоцорсон байна. Хүүхдийнхээ төлөө нэгдсэн ээжүүдийн грүппт хот, хөдөөгийн хэдэн мянган ээжүүд үзэл бодлоо илэрхийлж, амьдрал ярьж, алдаа оноогоо хуваалцаж байгааг харах нь сошиал хөгжсөний давуу тал байх.
Харамсалтай нь хэдэн зуугаараа нэгдсэн эмэгтэйчүүдийн нэгдэлд “Цаг үе улам хэцүү болж байна. “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгөө нэмүүлмээр байна. Гэртээ хүүхдээ асарч өсгөнө гэдэг бусдын бодож байгаагаас ч илүү хариуцлагатай ажил байдаг. Төр засаг энэ хэсэгхэн хугацаанд биднийг дэмжих ёстой” гэсэн ээжүүд хэдэн зуугаар тоологдож байгаа нь өнөөгийн төр засаг хэрхэн ажиллаж байгаагийн үр дүн байх.
Нээрээ ч төр засгаас олгодог “Цалинтай ээж” гэсэн сүржин нэрний ард сард ганцхан удаа олгодог 50 мянган төгрөгөөр хэд ч хоногийн амьдрал залгах билээ. Нуулгүй хэлэхэд энэ бол эрхэм дарга нарын үдийн цайны мөнгө, таваг хоолны үнэ билээ.
Тиймээс ажил хийж, ард түмнийхээ амжиргааг дээшлүүлье гэж УИХ-д нэр дэвшсэн гишүүдийн бас л нэг хийх ажил, дэвшүүлэх ёстой санаачлага явааг үгүйсгэх аргаггүй юм.
Хүүхдийн мөнгөний судалгааг шилэн болгоё гэжээ
Хэдэн жилийн өмнө бид бас хүүхдийн мөнгө хасна гэсэн сургаар хөлөө жийлцэж, хоёр талцаж байсан удаатай. Энэ удаа дахиад тэр үйл явдал давтагдахыг харав. Магадгүй, ирэх жилүүдэд энэ яриа дахиж хэд хэчнээн дэгдэхыг үгүйсгэх аргаггүй юм.
Сангийн сайд Б.Жавхлан “2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.2 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна.
Энэ нь үлдсэн есөн хувь юм” гэж мэдээлсэн. Хэдийгээр энэ нь арай нааштай хувилбар ч гэсэн энэ шийдвэр нь мөнөөх л Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх мэт олон зүйл заалтыг зөрчиж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлээд байна.
Энд бас нэгэн зүйлийг тодотгож хэлмээр байна. Өнгөрсөн жил билүү, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш” хэмээн жиргэж, тэр нь ардаа бас олон ажлыг эмх цэгцэнд нь оруулж байсан санагдана. Тэгвэл одоо дахиад энэ үгийг нь давтья.
Хүүхэд эцэг эх, амьдрах нийгмээ сонгож төрдөггүй. Харин бид тэдний төлөө бүхнийг хийх ёстой. Хүүхдэд бол бүр ч илүүг төсөвлөх ёстой гэсэн санал дээр нэгдэх хүн олон байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Судалгаагаар хүүхдийн мөнгө авмааргүй байна гэсэн дүн гарсан” хэмээн мэдээлсэн. Тэгвэл “Энэ судалгааг бөглөсөн хүн байна уу. Би лав бөглөөгүй. Ордон доторх эзэнгүй судалгаа юм байлгүй” хэмээн ээжүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсан эздийн эзэнгүй судалгааг бие биенээсээ хайж, асууж сурагласаар байна. Иймд эрхэм дарга нар энэ эзэнгүй судалгаагаа ул суурьтай, эзэнтэй нь нийтэд ил байршуулж, энэ мэт судалгаагаа “Шилэн” болгоё гэжээ.