Монгол Улсын Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор байгуулагдсан “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-ны анхны хуралдаан болж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх зарим ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой Үндэсний хороог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ахалж байгаа юм байна.
Анхны хуралдаанаар Үндэсний хорооны ажиллах дүрмийг баталж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг хэлэлцэн хорооны дэргэд 4 дэд хороо байгуулахаар тогтжээ. Нүүрс гүн боловсруулах, зэс, хар төмөрлөг, хөнгөн аж үйлдвэрийн хороотой байхаар шийдвэрлэсэн байна.
Энэ үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх аж.
Дашрамд дурдахад, Монгол Улсын уул уурхайн салбар энэ онд 100 нас хүрнэ. Гадаадын уул уурхайтай харьцуулахад энэ нь бага хугацаа боловч Монгол Улсын хувьд уул уурхайн салбар нь нийгэм, эдийн засгийн амьдралыг үүрч, ачааллыг дааж ирсэн том салбар юм. Энэ хугацаанд тус салбарт гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдэж, тэр хэрээр уул уурхайн салбарын хөгжил эрчимжсэн.
Тэгвэл цаашид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд баялагтаа эзэн байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт хүртээх бодлогыг баримталж, олон чухал асуудлыг томоор харж зорьж шийдвэрлэж ажиллана гэдгийг албаныхан хэлж байна.
Монгол Улсын уул уурхайн салбар төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг, эдийн засгийн тулгуур салбар учраас цар тахлын дараах сөхөрсөн эдийн засгийг сэргээх, аж үйлдвэржилтийн жилүүдэд энэ салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах хэрэгцээ шаардлага тулгараад байгаа юм.