КОВИД-19 цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөллийг бид даван туулах гэж бүх нийтээрээ хичээж буй. Ялангуяа хот суурин газар амьдарч буй хүүхдүүд цар тахлын нөлөөгөөр цахим орчинд өнгөрөөх хугацаа 3-6 цагаар нэмэгдэж, ухаалаг гар утасны хэрэглээ 30-40 хувиар нэмэгдсэн гэх судалгаа мэдээллэл олонтаа гарсан байдаг.
Тэгвэл цар тахал дэгдсэн жилүүдэд буюу одоогоос хоёр жилийн өмнө төрсөн хүүхдүүд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнууд ажээ. Тиймээс бага насны хүүхдүүдэд КОВИД-ын үед зан үйлийн өөрчлөлт орсон эсэхийг судлахаар Улаанбаатар хот болон хөдөөгийн хоёр аймгийг сонгож аваад судалгаа явуулсан байна.
Судалгаанд хамрагдсан багш нарын хэлж буйгаар хоёр настнуудын дунд гар утасны хэрэглээ маш сөргөөр нөлөөлж байгаа нь анзаарагджээ. Цэцэрлэгийн хүүхдүүд багшаасаа гар утас их нэхдэг.
Гар утсыг нь булааж аваад, нээж өг гэж хуруугаараа товшиж уурладаг, уйлдаг болсон байна. Мөн эрүүл мэндийн хувьд нүдний хүүхэн хараа ойртсон хүүхдүүд олон болжээ. Өмнө нь бага насны хүүхдүүдийн зан төлөвт ийм зүйл ажиглагдаж байгаагүйг багш нар нь онцолсон байна.
Энэ тухай Хүүхдийн сэтгэлзүйч эмч С.Хулан хэлэхдээ “Цар тахлын үед төрсөн, хөл хорионд орсон бага насны хүүхдүүд дунд хуруугаараа утас товшиж байгаа юм шиг дадалтай. Уурлахаараа гар утас нэхдэг зан үйлийн өөрчлөлтөд орсон хүүхэд цөөнгүй байна. Энэ нь мэдээж 100 хувь эцэг эхчүүдийн буруу гэж хэлж болохгүй. Ковидын үед анх хүүхэд төрүүлсэн ээж, аавууд хүүхэдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй, гар утасны хамааралтай болгочихсон нь дийлэнх байна. Энэ эмгэг нь хөл хорионд орж байсан хотын хүүхдүүдэд илүү өндөр хувьтай ажиглагдаж байна” гэв.