Прокурорын байгууллагаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж, хэргийг нь хэргэсэхгүй болгоод байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдоржоос байр суурийг нь сонслоо.
Тэрээр “Үнэнд гүйцэгдэнэ гэдэг л болж байна. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд л үхэх байсан. Тэр үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хуулийн бүх дарга нартай тэмцэж байсан л асуудал шүү дээ. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлж болохгүй. Тэр чинь дарангуйлал тогтчихсон байсан. Би тэрийг нураах гэж л тэмцсэн. Би тэр дарангуйлал, хүн хэлмэгдүүлэхийг үзэн яддаг.
Монголын төр тэр хоёр хүнээс уучлал гуйх биш бүх хохирлыг нь төлөх ёстой” гэв. Одоо энэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хөгширчихлөө. Хэргийг нь нягталж, үнэн зөвөө батлаагүй байж олон нийтэд нэр усыг нь зарладаг. Тэгээд ард нь тэр хүнээ хэрэгтэн болгох гээд улайрдаг, ийм л буруу арга замаар яваад байна.
Жишээ нь, хэрэг нь шалгагдаж эхлээгүй байхад Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэр зарласан. Зарласан хүмүүст нь би буруу зүйл хийлээ гэж хэлсэн. Энэ чинь нарийндаа мөрдөн байцаалтын нууц юм.
Нууц байлгаж шалгаад, бүх баримтаа гарт оруулж, баараггүй болсон үед нь зарлах ёстой. Мөрдөн байцаалтын нууц гэдэг юмны цаад агуулга энэ. Гэтэл манайд эхэлж нэрийг нь зарлачихаад дараа нь хэрэгтэн болгох гэж баримт цуглуулдаг. Болохгүй бол өдөр шөнөгүй улс төрөөр нүдэж байж хуулийнхныг буулгадаг.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын асуудал тийм л замаар явсан. Энэ хэргийг шалгаж байхад нь би Б.Хурцад хэлж байсан. “Чи худлаа юм хөөгөөд байгаа юм биш биз. Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ уншуул. Хэргийн хойноос улайрсан хүмүүс алдаа гаргадаг юм шүү” гэсэн. “За” гэж хэлчихээд цаашаа эргээд өөр юм хийсэн. Эцсийн үр дүн нь энэ.
Хамгийн наадын захын асуудал нь захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Жишээ нь энэ хэрэг дээр Б.Булганыг хоригдож байхад нь зөв юмны араас орсон байж магадгүй гэдэг горьдлого төрсөн. Сүүлд нь Б.Булганыг гаргачихаад хөдөөний хоёр хүнийг аваад үлдчихээр дэндүү ойлгомжтой боллоо гээд асуудал ярьсан. Ийм л зүйлийг хэлж байсан.