ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжлийн бүс тойрсон асуудлаар ярилцлаа.
– Улаанбаатарын газар хөдлөлийн идэвхжилийн судалгааг байршлын хувьд яг хаана, хаанаас хийдэг вэ. Энэ зурагаар газар хөдлөлтөд хамгийн идэвхтэй бүс хаагуур байна?
– Хүчтэй газар хөдлөлүүд онцгой анхаарлын төвд байдаг. Тийм ч учраас Улаанбаатар хотын ойролцоо газар хөдлөлтийг бүртгэх геофизикийн тандалтын станцуудыг газар хөдлөлтийн Хустай, Эмээлт хагарлын орчим байгуулсан. Тэдний бүртгэгдсэн мэдээллийг боловсруулаад, Улаанбаатар хот орчимд болж байгаа бүх хүнд мэдрэгдэм газар хөдлөлтүүдийг бүртгэж аваад, хаагуур ямар идэвхижилтэй яваа судалгаа хийдэг.
Улаанбаатар хотын орчимд газар хөдлөлтийн идэвхитэй зургаан хагарал, япончуудын сүүлийн хийсэн судалгаатай нийлээд долоон хагарал бий. Нийслэлийг хөндлөн огтолсон Улаанбаатар хагарал гэж сүүлийн хагарал байдаг. Энэ хагарлууд дээр газар хөдлөлтийн идэвхижил ямар байгааг байнга судалдаг.
2022 онд гаргасан судалгааны үр дүн гэхээр Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхижил явж эхэлсэн 2005 оноос хойш бүртгэгдсэн бүх газар хөдлөлтийн төвүүдийг нарийвчлан тодорхойлсон. Газар хөдлөлийн идэвхитэй хагаралд хийсэн судалгааны үр дүнг нэгтгээд Улаанбаатарын газар хөдлөлтийн идэвхжлийн 1:5000 маштабтай зураг гаргасан юм.
Энэ зураг нэмэлт судалгаа хийх суурь материал болдог. Мөн энэ газар хөдлөлтийн аюулын үнэлгээний зураглал хийх суурь мэдээлэл юм. Улаанбаатар хот, дагуул дүүргүүдийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг 2016 онд хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Үүнийг ашиглаад Улаанбаатар хот болон дагуул дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих гэж байгаа улсууд газар хөдлөлтийн аюулыг тооцож, барилга байгууламжаа барьдаг.
– Улаанбаатарт цамхаг нэртэй өндөр барилгууд баригддаг болжээ. Тэдэнд тодорхой шаардлага тавьж, хянадаг болов уу. Мэргэжлийн хүмүүс эрдэмтдийн шаардлага зөвлөгөөг барилгын компаниуд хэр хүлээж авдаг вэ?
-Газар хөдлөлийн идэвхитэй бүс нутагт барилга байгууламж барих норм норматив батлагдсан. Тухайн норм норматив мөрдөж явдаг суурь зураглал нь түрүүн дурдсан Улаанбаатар хотын газар хөдлөлийн аюулын бичил мужлалын зураглал. Энэ нь Улаанбаатарын газар нутгийг баллын бүст хуваасан зураг юм. Тухайн барилгын компани 8 баллын бүсэд барилга барьж байгаа бол газар хөдлөлийн ийм хэмжээний чичирхийллээс хамгаалж барилга барих норм норматив мөрдөх учиртай.
Газар хөдлөлтийн өндөр аюултай бүсэд өндөр барилга барих нь аюултай юм биш үү гэж хүмүүс ярьдаг л даа. Японд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч өндөр барилга байгууламж барьдаг. Гэхдээ газар хөдлөлтийн аюулыг яаж тэсвэрлэж гарах вэ гэдэг технологийн шийдлээ олсон байдаг юм билээ.
Ийм технологийн шийдлүүд манай улсад хараахан орж ирээгүй боловч долоо, найман баллын эрсдэлтэй бүсэд баригдаж байгаа барилгууд найман баллд тэсвэртэй байх технологийн шаардлагыг дагаж биелүүлж байгаа. Барилгын гүйцэтгэлд мэргэжлийн хяналтынхан хяналт тавьдаг.
Улаанбаатарт өндөр барилга барихад нэмэлт судалгаа хийхийг шаарддаг. Тэр дагуу манай хүрээлэнгийн судлаачид инженер геологийн нөхцөлөөс нь хамааруулаад, Улаанбаатарын ийм сав газар зургаа, долоон баллын чичирхийлэл ирэхэд ямаршуухан өсгөлт өгөх вэ гэдгийг нь тодорхойлж, зөвлөмж өгдөг. Энэ дагуу барилга барьдаг тогтсон дүрэмтэй.
-Газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байна гэсэн мэдээлэл сонсоод хүмүүс эмээж, болгоомжилдог. Нийслэлийн болон засаг төрийн удирдлагууд бэлтгэлтэй байдаг болов уу?
-Ерөнхий сайдаар ахлуулсан Гамшгийн эрсдлийг бууруулах, үндэсний зөвлөл байдаг. Үндэсний зөвлөл дэх Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах Шадар сайдаар ахлуулсан дэд зөвлөл бий. Энэ дэд зөвлөлд газар хөдлөлтийн идэвхижил, төлөв ямар байна, эрсдлийн үнэлгээ хийх гэх мэт асуудлуудыг холбогдох яамдын төлөөлөл орж, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь ярилцаж, мэдээлэл солилцдог. Шадар сайд хугацаатай үүрэг өгдөг.
Дэд зөвлөл 2023 оны төлөвлөгөөгөө баталсан. Энэ дагуу Газар хөдлөлтийн аюулын эрсдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газар хөдлөлтийн аюул болдогоороо болно. Аюул ирдэгээрээ ирнэ гэдэг. Хамгийн гол нь бид хэдийчинээ сайн бэлтгэлтэй байна, хохирол багатайгаар эрсдлийг даван туулах боломж бий.
Япон, Чили зэрэг орны туршлагаас харахад магнитут нь 7-той буюу яг газар хөдлөлт болсон цэг дээрээ баллын хэмжээсээр яривал 8-9 баллын хүчтэй газар хөдлөлтийн үед учирч байгаа хохирол харьцангуй бага байхад хөгжил муутай Гайтид 2010 оны үед учирч байгаа хохирол нь хамаагүй өндөр байх жишээтэй.
Газар хөдлөлтийн эрсдлийг буулгах чиглэлээр хийж байгаа ажил нь өндөр түвшинд хийгдээгүй, барилга байгууламж нь технологи норм нормативын дагуу баригдаагүй нөхцөл байдлаас хохирол их учирдаг. Өндөр хөгжилтэй орнууд бол урд тохиолдсон гамшигт үзэгдлийн гашуун туршлагаас сургамж аваад, эрсдлээс хамгаалах ажил нь сайн байхаар хохирол багатай байдаг.
ШУА-ын судлаачдын зүгээс Газар хөдлөлтийн аюулын төлөв байдал, идэвхижилт, газар хөдлөлтийн аюулын үнэлгээний талаар нэгдсэн мэдээлэл гаргадаг. Хамгийн сүүлд Ханхын хүчтэй газар хөдлөлт болсны дараа дэд зөвлөл дээр газар хөдлөлт болсон талаарх мэдээллийг нийгэмд шуурхай хүргэх асуудлыг Шадар сайд хөндсөн. Хүчтэй газар хөдлөнгүүт Шинжлэх ухааны байгууллагын зүгээс мэдээллийг нь шуурхай боловсруулаад, хамгийн түрүүнд Онцгой байдлын ерөнхий газарт хүргэдэг.
ОБЕГ-аас цаашаа нийгэмд дамжуулах техникийн боломж нь хязгаарлагдмал байгаа юм. Бидний өгсөн мэдээллийг ОБЕГ мессежээр тараая гэхээр мессеж илгээж байгаа технологийн горим боломж шаардлага хангахгүй байна. Газар хөдлөлтийн мэдээлэл хэдхэн минутын дараа хэрэглэгчид очих учиртай. Яагаад энэ асуудлыг ярьсан гэхээр 2021 оны Ханхын газар хөдлөлтийн дараа Улаанбаатарт өндөр байшинд чичирхийлэл мэдэгдэж, хүмүүс “Юу болоод байна” гээд гараад зогссон байсан. Хүмүүс хамгийн түрүүнд хүлээж байдаг мэдээлэл “Юу болов, төр засаг л хэлэх ёстой” гэдэг.
Мэдээлэл хүргэх асуудлыг Онцгой комиссын хуралдаан дээр ярилцаад, Шадар сайд үүрэг даалгавар өгсөн. 2022 оноос авхуулаад бид хүчтэй газар хөдлөлтийн мэдээг шуурхай дамжуулах журам баталж, ОБЕГ-тай хамтарч ажиллах болсон.
Одоо үндсэндээ гурван үе шаттайгаар мэдээллийг хүргэж байна. Монгол орны хаана ч байсан хүчтэй газар хөдлөлт болвол хоёр минутын дотор анхдагч мэдээллийг ОБЕГ-т өгнө. Арван минутын дотор анхдагч мэдээллийг хянан шалгаад, ОБЕГ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн боломжит сувгийг ашиглаад, нийтэд мэдээлэл хүргэх журам бий. Үүн дээр нэмж 2022 онд манай нэг судлаач эрдэм шинжилгээний грант аваад, “Газар хөдлөлт” гэсэн гар утасны апп хөгжүүлсэн. Удахгүй монголчууд энэхүү аппаас газар хөдлөлтийн мэдээллийг авах боломж бүрдэнэ.
-Тодорхойгүй байдал хүмүүсийг хамгийн их айлгаж бухимдуулдаг шүү дээ. Юу болоод өнгөрөв гэдгийг мэдээд авах нь чухал.
– Мэдээж энэ төгс биш л дээ. Үүнийг улам сайжруулах ёстой. Жишээ нь зарим хүн хоёр минут гэдэг урт байна гэдэг. Илүү богино хугацаанд мэдээлж болох уу? Техникийн хүчин чадлаа сайжруулбал нэг минутад ч багтааж мэдээлж болно. Техникийн хүчин чадал гэдэгт газар хөдлөлтийг бүртгэх станцынхаа тоог илүү нягтаршилтай байрлуул гэсэн үг.
Анхдагч мэдээлэл гэдэг нэгэнт хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бол хамгийн түрүүнд бүртгэсэн зургаан станцын мэдээллийг автоматаар боловсруулаад, шууд л “давхиж” байгаа гэсэн үг. Станц хоорондын зай нь 200-300 км. Энэ зай холдох тусам бодох хугацаа урт болоод явчихна гэсэн үг. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах дэд зөвлөл 2023 оны төлөвлөгөөндөө “Зарлан мэдээлэх системийнхээ техникийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Газар хөдлөлтийг бүртгэх станцын нягтаршилийг сайжруулах” гэж оруулсан. Энэ онд бид чадахаараа станц байршуулна. Тоог нь нэмэгдүүлнэ.
–Иргэдийн хувьд Улаанбаатарт эрсдэл нэмэгдэж байна уу, яг хаагуур эрсдэлтэй вэ гэдгийг л мэдээд авчихмаар байгаа?
-Монгол орны хэмжээнд яривал хамгийн түрүүнд баруун нутаг газар хөдлөлтийн өндөр идэвхитэй бүсэд ордог. Яагаад идэвхитэй гэж тодорхойлдог гэхээр нэн хүчтэй газар хөдлөлт урд нь болж байсан. Энэ хэсэгт 1905 оны магнитут нь 8,3 хэмжээтэй, хүчнийхээ хэмжээгээр дэлхийд болсон нэн хүчтэй газар хөдлөлтүүдийн 20 дугаарт жагсдаг газар хөдлөлт болж байсан.
1931 оны Монгол Алтайн газар хөдлөлт, 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлт, 1967 оны Могодын газар хөдлөлт дандаа нэн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог. Энэ чинь бүгд Улаанбаатараас хол байна шүү дээ гэдэг. Гэхдээ л 1967 оны газар хөдлөлтийн чичирхийллийг Улаанбаатар хотын сав газар тэр чигээрээ мэдэрсэн байдаг. Тэгвэл 1998 оны Дэрэнгийн газар хөдлөлт, 2010 онд ахиад Дэрэнгийн идэвхитэй хагарал дээр магнитут нь 5,6-тай газар хөдлөлт болсон. Тэр чичирхийлэл Улаанбаатар хотод савлаад мэдрэгдсэн. 2010 онд болсон Гайтийн газар хөдлөлтийн дараахан болсон явдал. Үүнтэй уялдаатайгаар газар хөдлөлтийн асуудал хүчтэй сөхөгдөж яригдсан юм. Дээд тал нь Сэлэнгийн Бүрэн бүтээлийн нуруунд газар хөдлөлтийн нэн идэвхитэй бүс, тэнд магнитут нь бараг 6,7-тай газар хөдлөлт болж байсан. Тэгэхээр Улаанбаатарын эргэн тойронд хүчтэй газар хөдлөлтийн бүсүүд байна.
Яг Улаанбаатарт гэвэл хамгийн түрүүнд Хустайн хагарал яригдана. Хустайн нуруу гэхээр бид тахь нутагшуулсан газар гэдгээр нь мэддэг. Түүний Сонгинын уулыг дагасан энгэрээр Хустайн идэвхитэй хагарал байдаг. Хустайн идэвхтэй хагарал Улаанбаатарт тулж ирээд, яг Төмөр замын Эмээлт буудал гэж ярьдаг орчимд хөндлөн газар хөдлөлтийн идэвхижилт байдаг.
Газар хөдлөлт хаа хамаагүй газруудаар болоод байдаггүй. Яг л ийм идэвхитэй хагарлын дагуу л болоод байдаг юм. Тэр олон хөдлөл Эмээлтийн орчимд зураас үүсгэж байдаг. Улаанбаатарын урагшаа Авдарын хагарал, Шархайн хагарал, хойшоо Гачууртын орчимд Гүнжийн хагарал бий. Энэ хагарал дээр магнитут нь 4,3-тай хоёр дараалсан хүчтэй газар хөдлөлт болоод Улаанбаатар тэр аяараа чичирхийлсэн.
ШУА-аас ҮАБЗ, УИХ-д мэдээлэл хийсэн шүү дээ. УИХ-ын гишүүд хүртэл харилцан адилгүй хүлээж авч байлаа. Зарим нь нэг их хүндрүүлж тавих асуудал биш гэж байхад зарим нь чухал асуудал гэдэг. Ер нь бид газар хөдлөлтийн аюулыг заавал судалж, анхаарч, орон даяар станцуудаа нэмж байх ёстой. Тэгэхгүй бол ниргээд ороод ирвэл хэцүү шүү дээ. Гачууртын Гүнжийн хагарлаас гадна Мөнгөнморьтын хагарал гэхээр Багануур тийшээ хагарал бий. Бас том хагарал.
Улаанбаатарын хөндийг тэр чигээр нь хөндлөн огтолж гарсан хагарал бий. Япончуудтай бид хамтарч судалсан юм. Нарангийн энгэрээс урагшаа Хүрэл тогоот чиглэсэн яг Улаанбаатар хотын дундуур явдаг Улаанбаатарын хагарал бий. Улаанбаатарын хагаралыг японы судлаачидтай бид бараг гурван жил судалж байна. Сая ковидын үеэр хээрийн судалгааны ажил жаахан зогссон. Гэхдээ одоо үргэлжлүүлж байгаа. Олон улсын сэтгүүл дээр “Улаанбаатар хотын аюулын үнэлгээг дахин шинэчлэх үү?” гэсэн сэдэвтэй хамтарсан өгүүлэл хэвлэгдсэн.
–Жижиг хагарал, бага зэргийн чичирхийллийг бүртгэдэг үү?
-Газар хөдлөлтийн хагарал идэвхитэй байна гэдэг жижиг жижиг хөдлөл хагарлынхаа дагуу болоод байдаг. Тийм газар хөдлөлтийг станцууд маань арай бүртгэхгүй байгаа юм. Гэхдээ Эмээлт, Шархай, Гүнжийн хагарал дээр бид бүртгээд байгаа.
-Улаанбаатарын эргэн тойрон дахь зургаан жижиг хагарал Улаанбаатарын орчмын нэг том хагаралын л бүрэлдэхүүн хэсгүүд шүү дээ. Жижиг бүрэлдэхүүн хэсгүүд идэвхижээд байна гэдэг томыгоо хэр идэвхижүүлэх вэ?
–Хүчтэй газар хөдлөлт болчихвол яах вэ, хэр зэрэг хохирол учрах вэ гэдэг асуудал бий. Хүмүүс газар хөдлөлт идэвхижээд байна гэх юм, яг хэзээ газар хөдлөх вэ гэж асуудаг. Өнөөдөр газар хөдлөлтийн шинжлэх ухаан, геофизикийн шинжлэх ухааны хувьд хүчтэй газар хөдлөлт хэзээ болохыг урьдчилан таамаглаж чадаагүй. Хаана, хэзээ, ямар хүчтэй газар хөдлөлт болох вэ гэдэг чухал. Хаана гэдэг нь ойролцоогоор тодорхой, түрүүчийн миний ярьсан идэвхитэй хагаралуудын дагуу л болно. Хэр хүчтэй газар хөдлөлт болохыг ойролцоогоор хэлж болно. Булнайн газар хөдлөлт магнитут нь 8,3-тай хүчтэй газар хөдлөлт болох бүрэн боломжтой гээд мэдэж байна.
Хэзээ болох вэ гэдэг асуултанд хариулахад түвэгтэй. Хэзээ болох гэдэг таамаглал дэвшүүлэхдээ судлаачид урт, дунд, богино хугацааны гэсэн гурван чиглэлээр судалдаг. Урт хугацааны таамаглал дэвшүүлэхдээ хүчтэй газар хөдлөлтийн дараа үлдээсэн ул мөрийг шинжлээд, 5000 жилийн өмнө нэг хөдөлсөн. Ийм хугацаанд энэ хагарлын дагуу ийм хэмжээний газар хөдлөлт болох хүчдэл хуримтлагддаг юм байна.
Хүчдэл хуримтлагдах хугацаа нь ойролцоогоор 5000 жил. 1905 онд Булнайд газар хөдлөлт болсон юм бол давтагдах хугацаа нь 3000 жил. Энэ бол урт хугацааны таамаглал. Дунд хугацааны таамаглал нь урт хугацааны мэдээлэлд үндэслээд математик статистик онол ашиглаад, таамаглал хэлдэг. Магнитут нь 6, газар хөдлөх магадлал нь 30 хувь гэх мэтээр тооцдог.
Богино хугацааны таамаглал хэлэх нь хамгийн түвэгтэй. Судлаачид энэ чиглэлээр ажилладаг. Амжилт олсон тохиолдол бий. Жишээ нь хятадын судлаачид БНХАУ-д болсон газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж, хотыг нүүлгээд, дараахан нь үнэхээр газар хөдөлсөн тохиолдол бий. Дараагийн удаа таамаглал хэлсэн ч хөдлөөгүй, түүний дараа бас хэлсэн ч ахиад хөдлөөгүй. Тэгээд асуудал үүссэн. Хот суурин газрыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг зардал өндөртэй ажил.
Богино хугацааны өмнө газар хөдлөлтийг таамаглахдаа судлаачид орчин үеийн геофизикийн багажууд ашиглах болсон. Газар хөдлөлтийг бүртгэх багажаас авхуулаад, газар хөдлөлтийн идэвхитэй газарт цахилгаан соронзон орны өөрчлөлт ямар байна, газрын гүний усны найрлага, түвшний өөрчлөлт зэргийг судалдаг. Жишээ нь цооногт байрлуулсан багажууд нь гүний усны түвшинг байнга хэмжээд, найрлагыг нь бас хэмждэг. Гүний усны түвшин гэнэт унах ч юм уу, огцом өөрчлөлт орсон тохиолдолд, газрын хэвлийд болж байгаа тектоник процессоос үүдэлтэй гэдэг үүднээс богино хугацааны таамаглал дэвшүүлдэг. Олон хэмжих багаж ашиглаад, мэдээллийг нь зэрэг боловсруулаад, хэвийн бус өөрчлөлт гарвал тэр бүгдийг нэгтгээд “Ойрын үед хөдөлж болзошгүй байна” гэдэг прогноз өгдөг. Шийдвэр гаргагч түүнийг нь аваад эцсийн шийдийг гаргана шүү дээ. Үүний дараа эрсдэлтэй тохиолдолд эрсдлийг бууруулах ямар арга хэмжээ авах гээд ярилцаад явна.
-Та түрүүн Гайтиг муугийн жишээнд дурдсан. Манай монголчуудын хувьд газар хөдлөлтийн үед өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэг багатай, байшин барилгууд маань ч тэсвэрлэх чадвар муутай байж мэднэ. Энэ бүхнийг тооцоод үзвэл тэр Гайтигаас нэг их дээрдэхгүй болов уу?
-2010 оны Гайтид болсон газар хөдлөлтийн үед амь эрсэдсэн хүмүүс албан бус тоогоор 300 мянгад хүрсэн гэдэг. Нэн хүчтэй газар хөдлөлт болсон уу гэвэл бас үгүй, магнитут нь 6,8-тай, газар хөдлөлтийн гүн нь гүехэн. Гэхдээ яг нийслэл хотынх нь ойролцоо болсон байдаг. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл хотын сав газрыг маш хүчтэй доргиосон. Газар хөдлөлтийн долгионы өсөлт нь өндөр. Түүнээс үүдээд олон барилга байгууламж нурсан. Нөхцөл байдал нэн хүнд байсан.
Хэрэв Монгол Улсад Улаанбаатар хотын орчимд иймэрхүү газар хөдлөхөд ямаршуухан дүр зураг харагдах вэ гэдэг олон хүний санааг зовоосон. Тухайн үедээ энэ асуудал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сэтгэлийг зовоосон. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг хуралдуулж, тэр хурал дээр хамгийн анх Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжилд ач холбогдол өгч, асуудлыг тавьж эхэлсэн. Өмнө нь энэ тухай ярихад төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан л даа. Газар хөдлөлийн аюулыг бууруулах чиглэлээр судалгааны ажил хийх, судалгааны ажлыг норм норматив болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлууд хийгдсэн.
Нэг чухал ажил соён гэгээрүүлэх байдаг. Газар хөдлөлтийн үед хүн яаж биеэ хамгаалах ёстой вэ. Хамгийн түрүүн ширээн доогуур ор гэж бид заадаг шүү дээ. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв байдаг. Энэ чиглэлээр Онцгой байдлынхан хичээл заадаг.