Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж өнөөдөр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга мэдээлэл өгсөн юм. Түүнээс нүүрсний хулгайн талаарх мэдээллийг тодруулахад Ц.Нямдорж “ “Эрдэнэс Тавантолгой” компанид очсон хүн болгон хэрэгтэн болчихоод байгаа. Тавантолгойн орд 2004 оноос хойш улс төрийн зорилгоор ашиглагдаад 20 жил болж байна. Энийг тойрсон улс төр, шунал, энийг тойрсон далд зодоон аминд хүрэх гэж байгаа шүү дээ. Тавантолгойг тойрсон шунал аминд хүрч мэднэ гэж би ярилцлага ч өгч байсан.
Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хандлага нь зөв. Гол нь зөв замаар явж жинхэнэ эзэн дээрээ бууж байна уу гэдэг өөр асуудал. Нэг хулгайчийг явуулж байна гээд дараачийн бүр их хулгай хийдэг хүн тавьчихвал яах вэ. Нүүрсний хулгай гээд байгаа асуудал чинь төмөр зам барьсантай л холбоотой юм.
“Төмөр зам яаралтай барь” гэж 2019 оноос бужигнуулаад л нүүрс гаргаад, төмөр зам барьж дуусаад л хэрэг мандаад явчихсан. Тэр үед бүгдээрээ л том бүтээн байгуулалт хийж байна гээд гангарч байсан үе нь шүү дээ. Тэгж ярих юм бол би 2012 онд баахан нууц гэрээ хийж байхад нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал бичиж байсан. Буруу замаар явлаа шүү, хэтдээ асуудал болно шүү гэдгийг хэлж байсан. Ордон дотор зургаан жил бараг ганцаараа энэ асуудлыг би ярьсан.
Төмөр замын асуудлыг маш тодорхой ярих юм бол 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш ярьсан. Хэн ч тоогоогүй. 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, шууд гэрээ байгуулж ажилла гэдэг шийдвэр гаргуулаад тэрийг нь нууцын горимд оруулчихаар хүн халдаж болдоггүй эд шүү дээ” гэв.