“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал өнгөрсөн оны аравдугаар /2022.10/ сард Солонгос руу албан томилолтоор явсан ч эргэж ирээгүй юм. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар /2022.12/ сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Харин одоо “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.
Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг хоёр долоо хоногийн өмнө тогтоосон. Гэвч “Шувуу” ажиллагааны багийнхныг Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байх үед Н.Удаанжаргал нь дахин зугтсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тодруулбал, тус улсын хилээр гарж, Тайланд улсад очсон гэх мэдээлэл байгаа аж. Хамгийн сүүлд “…Нүүрсний нээлттэй сонсголд цахимаар оролцъё” гэдэг саналаа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболдод тавьжээ.
АТГ-дээр хэрэг үүсгээд мөрдөн шалгагдах явцдаа гадаад руу зугтсан хүмүүсийн паспортыг хүчингүй болгож, дансыг нь “царцаах” арга хэмжээг авч буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд Н.Удаанжаргалыг дансны аргаар илрүүлсэн бөгөөд тэрээр хамт яваа хүнийхээ ээжийнх нь дансыг ашиглаж байсан гэх мэдээлэл байгаа аж.
Тэгвэл Н.Удаанжаргал энэ сарын 19-нд Тайландаас машинаар зорчиж Малайзад очсон байна. “Шувуу” ажиллагааныхан Н.Удаанжаргалыг шилжүүлэн авахаар Малайзын Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхантай “Ярилцаж” байгаа бололтой.
Нөгөөтэйгүүр, Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй Н.Удаанжаргалыг улс орон дамжин зугтаж, буурь сэлгэхэд Монголоос мэдээлэл дамжуулж буй хүн бий гэх. Тиймээс Н.Удаанжаргалын мэдээлэгчийг Монголоос эрэн хайх ажиллагааг бас давхар зохион байгуулж байгаа гэдгээ хууль хяналтын байгууллагууд мэдэгдээд байна. Ямартай ч “Шувуу” ажиллагаагаар Монголд авчрах дараагийн хүн Н.Удаанжаргал байх бололтой.