“Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тайлбар, мэдээлэл өгч байна.
ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир “ГЕГ-ын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь Монгол Улсаас гадаад улс руу гарч байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьдаг, гаалийн бүрдүүлэлт хийдэг. Тухайн гаалийн газрын улсын байцаагч, нягтлан бодогчоор ажилладаг С гэдэг гаалийн улсын байцаагчтай холбоотой мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. С-ийн гэрт хуулийн байгууллагынхан хяналт шалгалт хийсэн байна.
Хууль хяналтынхан хэвлэлээр гарсан шиг 9 кг алт, 10 орчим тэрбум төгрөг хурааж авсан гэх нотлох баримтгүй мэдээлэл цахим орчинд түгэж байгаад харамсаж байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл.
Хуулийн байгууллагаас авсан мэдээллээр бол улсын байцаагч С-ийн гэрт 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч ирсэн байна. Энэ үл хөдлөх хөрөнгө болон валют ямар эх үүсвэрээр бий болсныг хууль хяналтын байгууллага дээр шалгагдаж байгаа юм байна.
Гаалийн байцаагч С нь сүүлийн 1 жил, зургаан сар гаалийн байгууллагад ажиллаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд Гаалийн Хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тооцооны нягтлангаар ажиллаж байсан гэдгийг тодотголоо.
Улсын байцаагч С-ийн гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.