УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн гэж УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдэгджээ.
УИХ-аар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж тусгасан гэж мэдээлсэн. Тэгвэл англи хэлийг тав болон нэгдүгээр ангиас эхлэн заах талаар УИХ-ын гишүүд үзэл бодлын зөрүүтэй байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлэг байгуулж, англи хэлийг эх хэлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр ангиас нь заах санал гаргажээ. Англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай асуудал нийгмийн сүлжээнд талцал үүсгээд байна.
Энэ талаар БШУЯ ямар бодлого барьж ажиллах талаар салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр цахим хуудаснаа товч мэдээлэл хийжээ.
Тэрээр, “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулья. Нэгдүгээрт, Боловсролын тухай хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна.
Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ гэжээ.