“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гаригт буюу 2023.05.05-нд батлан даалтаар сулласан. Гэсэн ч Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргасныг шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Тэгвэл АТГ-аас Б.Ганхуягийн хэргийг шалгаж дууссан гэсэн мэдээллийг өгч байна. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж буй юм.