Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна.
Хурлаар хүүхдийн баяраар зохион байгуулах арга хэмжээ, тэдгээрийн хөтөлбөр, зам хаах чиглэл болон анхаарах зүйлсийн талаар мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв.
Тухайлбал, зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулах бол 18:00 цагаас тоглолт болно.
Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.
Мөн хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана.
Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх аж.
Хүүхдийн баярын Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд эрсдэлд өртөхөөс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Тухайлбал,
- Монголын хүүхдийн ордны хойд талаас талбай хүрэх, талбайгаас Шангри-ла худалдааны төвийн чиглэлд баярын парад алхахад аюулгүй байдлыг хангаж ажиллах,
- Төлөвлөсөн хэсгүүдэд хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ААНБ, иргэдэд сургалт хийх, эрүүл ахуйн шаардлага хангуулж, хяналт тавих,
- Д.Сүхбаатарын талбай болон хөдөлгөөн түр хаасан хэсгүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн усалгаа хийх, хог хаягдлыг тээвэрлэх ажлыг зохион байгуулах.
- Зөөврийн хогийн савуудыг олноор байршуулах,
- Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт болон хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллах,
- Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх гурван багийг бэлэн байлгаж, үйлчилгээ үзүүлэх,
- Хүүхдийн баяраар хүүхдийг үнэгүй тээвэрлэх болон Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд зохицуулалт хийх,
- Олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад анхаарч ажиллах зэрэг үүрэг өгсөн хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.