МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.
Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:
- Ховд аймаг – Ховд
- Баян-Өлгий аймаг – Өлгий
- Увс аймаг – Улаангом
- Завхан аймаг – Улиастай
- Говь-Алтай аймаг – Алтай
- Хөвсгөл аймаг – Мөрөн
- Өмнөговь аймаг – Даланзадгад
- Дорнод аймаг – Чойбалсан
Найман чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсандаа мэдээлжээ. Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор л байна.
Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй, бас ашиг харахгүй, төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаа хямд бөгөөд хүртээмжтэй нислэг үйлдэхээр болж байгааг дуулгая” гэжээ.
Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж.