Өөрийн нэр дээр бүртгэлтэй ашигладаггүй тээврийн хэрэгслээ хасуулах боломжтойг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, өөрийн тань нэр дээр бүртгэлтэй, өөрөө ашигладаггүй, хасалт хийлгэх шаардлагатай тээврийн хэрэгсэл байгаа бол 2023 оны долдугаар сарын 1-нээс өмнө торгууль, татвар төлөхгүйгээр хасалт хийлгэх боломжтой.
Энэ хугацаанд бүртгэлээс хасах ажлыг хялбар байдлаар зохион байгуулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журман”-ндаа өөрчлөлт оруулжээ. Ингэснээр өмнө нь иргэд хүсэлт, татвар, торгууль төлсөн баримт, гэрчилгээ, улсын дугаар хураалгаж үйлчилгээний хөлс төлдөг байсан. Харин дээрх хугацаанд зөвхөн хүсэлт аваад л тээврийн хэрэгслийг хасах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ нь татвар торгуулийг тэглэж байгаа биш, харин татвар, торгуулийн өр үүссэн байсан ч бүртгэлээс хасах үйлчилгээг үзүүлнэ. Харин үүнээс хойш өр, төлбөрөө төлөх боломжийг олгож байгаа юм байна. Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, нийслэлийн 16 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг байна.
Уг үйлчилгээг Автотээврийн үндэсний төвийн Цирк салбарт ажлын өдөр хандан авах бөгөөд тухайн эзэмшигч бичиг баримттайгаа очиж хасуулах аж.