Гандантэгчинлэн хийдэд ламхай нар хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа билээ. Тус асуудлын талаар Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр /2023.06.23/ мэдээлэл хийлээ.
МБШТГТХ-ийн Гандан телевизийн захирал Ж.ОДГАРЬД
“Гандантэгчинлэн хийдэд гарсан байж болзошгүй асуудлыг өндөр түвшинд шалгаж байна. Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Тус хэрэг хянан шалгах явцад манайхаас нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс одоог хүртэл мэдээлэл хийсэнгүй. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд хэргийг шалгах ажлыг эхэлсэн.
Хууль гэм буруутайд тооцоогүй байхад нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээс хэтэрч байна. Удаа дараа ийм хэрэг гарсан гэхчлэн худал мэдээлэл гарч байна. Бид нэр төрөө өмгөөлөх гэж суугаагүй. Хүүхдийн эрхийг чухалчилна.
МБШТГТХ-ийн Тамгын лам С.САЙНСҮР:
Үүссэн байж болзошгүй нөхцөл байдал өмнө нь гарч байгаагүй. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Холбогдох байгууллагуудын эцсийн дүгнэлт гараагүй байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Бид энэхүү асуудал дээр маш их цочирдож байна. Нийгэм талцаж хоорондоо маргаж, сүм хийдийг гутаан доромжилж байгаад бид харамсаж байна. Иргэд та бүхэн үнэн зөв мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авна уу гэж хүсмээр байна.
Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид ажиллана. Гэм буруутайд тогтоогдоогүй байхад тэр хүүхдүүдийн нэрийг зарлаж болохгүй. Хэрэгт холбогдсон ч бай холбогдоогүй ч бай бид хүүхдийн эрхийг хамгаална.
Ийм бусармаг асуудал буддын шашинд байдаггүй. Намайг олон жил ажиллаж байхад ийм асуудал гарч байсангүй. Буддын шашинд хамгийн доод түвшний хүмүүс хийж болох сахил гэж байдаг. Энэ нь эхнэртэй байж болно гэдэг. Зүй бусаар эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж болохгүй ч гэж заасан байдаг. Тиймээс эрэгтэй хүн дээр бол бүр байж болохгүй. Байдаг бол гаж үзэгдэл. Хүсэл тачаалыг хорихын төлөө явдаг учраас ийм зүйл байхгүй гэж бодож байна.