Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан.
Төсвийн тодотгол долоодугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн 2 их наядын төсвийн тодотголын 90 хувь нь ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээний асуудлууд шийдвэрлэгдсэн талаар өнөөдөр /2023.06.28/ ХНХЯ-аас мэдээлэл хийлээ.
ХНХ-ийн сайд Х.Булгантуяа “Зургадугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ХНХЯ-аас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой журмуудыг баталсан. Иргэдийн зүгээс хэрхэн яаж тэтгэврийн нэмэгдлээ шалгах вэ, шинээр төрсөн хүүхдүүдээ яаж бүртгүүлэх вэ, асуулт байвал хаашаа хандах вэ гэх мэт асуултууд нэлээд байна.
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг сүүлийн 10-аад жилд шинэчлээгүй байсныг энэ жил шинэчлэн баталлаа. Бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү арга хэмжээний үр дүнд ижил ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хамаараад зөрүүтэй тэтгэвэр авч байсан 168 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн зөрүү ойртох юм.
Хоёрдургаарт, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээ, бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийн доод хэмжээг 550 мянга болгох арга хэмжээг авлаа. Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 488 мянган тэтгэвэр авагч байгаагаас 75 орчим хувь буюу 361 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Үүн дотор итгэлцүүрээр нэмэгдэх ахмадууд ч нэлээд байгаа.
Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийтдээ 496.2 мянган иргэн тэтгэвэр авахаар тооцуулж, 194.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас нэмж зарцуулахаар болсон.
Гуравт, Засгийн газраас 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Халамжийн сангаас олгоох тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр Төсвийн тодотгол дээр дүнг нь батлуулж, Засгийн газраас холбогдох тогтоол нь гарсан.
- Нийгмийн халамжийн тэтгэвэр 288.000₮ байснаас 325.000₮
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүрхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288.000₮ байснаас 325.000₮
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асарч байгаа иргэний тэтгэмж 84.500₮ байснаас 275.000₮
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.100₮ байснаас 275.000₮ болж тус тус нэмэгдлээ.
Нэмэгдлийн хэмжээг долоодугаар сарын 1-ний өдрөөс мөрдөнө. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний долоодугаар сарын олголтыг наадмаас өмнө хийхээр Сангийн яамтай тохирсон” гэлээ.
Мөн тэрбээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 0-18 насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгийг 2023 оны 1-6 дугаар сарын хүртэл хугацаанд аваагүй байсан хүүхэд бүрт өмнөх данс руу нь шууд олгоно.
Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долоодугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа.
Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30%-аар нэмэгдүүлсэн. Нэг их наяд төгрөг эдгээрт зарцуулагдана.” гэв.