Нэг хэсэг шуугиан тарьж, удалгүй нам дарагдсан Европын супер лигийн яриа эргэн сэргэлээ. 2021 онд Европын хөлбөмбөгийн топ 12 баг нийлэн супер лиг зохион байгуулах талаарх яриа гарсан. Гэвч олон улсын хөлбөмбөгийн холбоо/FIFA/, Европын хөлбөмбөгийн холбоо/UEFA/, улсуудын дотоодын лиг, хөгжөөн дэмжигчдийн эсэргүүцэл, хоригтой нүүр тулж, улмаар энэ санаа бүтэлгүйтсэн.Тэгвэл өчигдөр/2023.12.21/ Европын холбооны шүүхээс FIFA, UEFA-ийг клуб, тамирчдыг сүрдүүлж, шийтгэл оногдуулж, хоригт оруулна гэж эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашигласан гэж үзжээ. Ийнхүү Европын супер лиг үүсэх яриа дахин гарав.
ӨЧИГДӨР ЮУ БОЛСОН БЭ?
Люксембург дахь Европын холбооны шүүхээс FIFA, UEFA-ийг супер лигийн клубууд болон тэдний тоглогчдод шийтгэл оногдуулж, томоохон тэмцээнүүдээс хасна гэж сүрдүүлэн давуу байдлаа урвуулан ашигласан гэж мэдэгджээ. Испанийн Барселона, Реал Мадрид багууд сүүлийн хоёр жилийн хугацаанд UEFA, FIFA-ийн эсрэг зарга үүсгэж, эцэст нь ялалт байгууллаа. Супер лигийг зохион байгуулах саналыг анх гаргасан “A22 Sports Management” компанийн гүйцэтгэх захирал Бернд Рейхарт шүүхийн мэдэгдлийн дараа ярихдаа “UEFA-гийн монополь байдал дууслаа. Хөлбөмбөг эрх чөлөөтэй боллоо. Одоо клубууд заналхийлэлд өртөж, шийтгэл хүлээхгүй. Тэд ирээдүйгээ өөрсдөө шийдэх эрхтэй боллоо” гэжээ.
Холбооны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой бөгөөд давж заалдах эрхгүй гэв.
СУПЕР ЛИГ ГЭЖ ЮУ ВЭ?
Европын супер лиг бол долоо хоногийн ажлын өдрүүдээр тоглолтууд нь болох одоогийн УЕФА Аваргуудын лиг, Европа лигийн дэвшилтэт хувилбар гэж ойлгож болно. Улирал бүрийн эцэст тааруу амжилттай багууд нь хасагдаж, шинэ багууд тэднийг орлоно. Мөн бүх тоглолт нь үзэгчдэд цэнхэр дэлгэцээр үнэгүй хүрнэ. Нийт 64 баг гурван дивизонд өрсөлдөх бөгөөд эхний хоёр дивизонд 16 баг, гуравдугаар дивизонд 32 баг багтаж, улирал бүр амжилтаасаа шалтгаалан дэвшиж, доош унана. Мөн эмэгтэйчүүдийн лиг байх бөгөөд 32 баг хоёр дивизонд өрсөлдөнө.
Одоогийн УЕФА Аваргуудын лиг, Европа лигээс ялгарах гол онцлог нь шагналын сан, зохион байгуулах журам нь юм.
Супер лигийн зүгээс арван зарчмыг боловсруулсан. Тус зарчимд,
- Байнгын гишүүдгүй, олон дивизонтой, нэр хүндтэй тэмцээн байна
- Клубууд дотоодын лигүүдддээ тууштай оролцоно
- Тогтвортой, үл тасалдах нөөцөөр өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ
- Тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаарна
- Санхүүгийн тогтвортой байдлын дүрмийг сайтар мөрдөж, ил тод байна
- Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн тэмцээнийг бүрдүүлнэ
- Хөгжөөн дэмжигчдэд онцгой анхаарал хандуулна
- Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг эрэгтэйчүүдийн лигтэй зэрэгцүүлэн хамтад нь хөгжүүлж, санхүүжүүлнэ.
- Эв нэгдлийг эрхэмлэнэ
- Европын холбооны хууль тогтоомж, үнэт зүйлсийг хүндэтгэнэ
2021 ОНД ЮУ ТОХИОЛДОВ?
2021 оны дөрөвдүгээр сард гэнэт л Европын супер лигийн яриа хүчтэй гарч, удалгүй хөгжөөн дэмжигчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн топ тамирчид ч супер лигийг бүтэхгүй санаа гэдгийг дурдаж, оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Угтаа анхны 12 гишүүнд нь Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Тоттенхэм, АС Милан, Интер Милан, Ювентус, Атлетико Мадрид, Барселона, Реал Мадрид багууд байсан юм. Хатуухан шүүмжлэлийн дараа Премьер лигийн багууд саналаас нь татгалзаж, улмаар Барселона, Реал Мадрид, Ювентус гэсэн гурван баг л үлдэв.
Тухайн үед Байерн Мюнхен, Боруссиа Дортмунд багуудын ерөнхийлөгч нар Европын Супер лигийг эсэргүүцэж, одоогийн УЕФА Аваргуудын лигийн зохион байгуулалтыг дэмжиж буйгаар илэрхийлсэн аж.
Мезүт Өзил, Андер Херрара, Лукас Подолски, Луис Фигу, Уэйн Руни, Рио Фердинанд, Гари Невилл тэргүүтэй хөлбөмбөгийн тамирчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, Супер лигийг эсэргүүцэж буйгаа зарлав. Тэдний дундаас Мезүт Өзил “Хүүхдүүд дэлхийн аварга, аваргуудын лигт түрүүлэхийг л мөрөөдөж, том болдог. Тэрнээс биш ямар нэгэн Супер лигт биш. Том тоглолтууд жилдээ нэг, эсвэл хоёр удаа болвол таатай. Долоо хоног бүр биш шүү. Хөлбөмбөгийн фэнүүд энэ шийдвэрийг ойлгоход хэцүү байгаа байх” гэжээ.
ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?
Одоо нэгэнт Европын холбооны шүүх супер лигийг дэмжсэн учир “A22” компанийн зүгээс дахин клубуудыг ятгах ажилдаа орно. Тэдэнд хамгийн чухал нь мөнгө байна. Одоо үед санхүүгийн дарамтанд ороогүй, өр төлбөргүй томоохон клуб тун цөөхөн бий. Бүгд л ашиг л харж байгаа. Супер лигийн урилгыг хүлээн авсныхаа төлөө баг тус бүр 425 сая ам.доллар хүртэнэ. Гэтэл одоогоор Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээн гэгдэх УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн баг 100 сая гаруй ам.долларын шагнал авч байна. Хэрэв Европын Супер лиг албан ёсоор хуваариа гаргаад, оролцох багуудаа бүрэн зарлавал УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо хамгийн том хохирол амсана. Учир нь УЕФА Аваргуудын лиг хэмээх тус холбооны хамгийн том тэмцээн үнэгүйдэж эхэлнэ. Аваргуудын лигийг чимж, ивээн тэтгэгч, үзэгчдийг татаж, холбоонд нь мөнгө оруулж ирдэг байсан топ 12 баг яваад өгнө.
Үүнээс гадна Премьер лиг, Ла лиг зэрэг дотоодын лигүүдийн телевиз, стриймин үйлчилгээнүүдээс олдог мөнгөн дүн тодорхой хэмжээгээр багасна. Дэлхийн томоохон телевиз, стриймин үйлчилгээнүүд Европын Супер лиг рүү хошуурцгааж, дотоодын лигүүдийн үнэлгээг унагаах эрсдэлтэй гэж аналистууд үзэж байна.
Лигүүд телевизийн шууд дамжуулалтын гэрээнээс л гол хөрөнгөө татдаг. Гэтэл гэрээний үнэлгээ нь буурвал лигийнхээ багуудад өгдөг шагналын мөнгө нь багасна. Үүнийгээ дагаад багууд ч санхүүгийн алдагдалд орж, дампуурах нь дампуурч, тогтвортой амжилт үзүүлэхээ больж, сайн тамирчид, дасгалжуулагчдаа баячуудад алдаж эхэлнэ.