Пүрэв гарагт Чех улсын нийслэл Прага хотын төв дэх Карловын их сургуулийн байранд зэвсэгт халдлага гарсны улмаас 14 хүн алагдаж, 25 хүн шархаджээ.
Халдлага үйлдсэн этгээд нь тус сургуулийн 24 настай оюутан байсан байна. Аллагын дараа түүний цогцсыг цагдаа нар хэргийн газраас олжээ. Сэжигтэн амиа хорлосон, эсвэл цагдаа нартай буудалцах үеэр алагдсан байж болзошгүй байна.
Пүрэв гарагийн үд дундын үед Прага хотоос баруун зүгт 21 км зайтай оршдог Хостоун тосгонд халдлага үйлдэгчийн гэрээс аавынх нь цогцсыг олсны дараа цагдаа нар түүнийг хайж эхэлсэн юм байна.
Тэрбээр аавыгаа алсны дараа Прага хот руу хичээлдээ суухаар явсан гэж цагдаа нар үзэж байжээ.
Улмаар түүний хичээл орох байсан Урлагийн тэнхимийн байранд цагдаа нар отсон ч аллага сургуулийн өөр хэсэгт эхэлсэн байна.
Аллага үйлдэх болсон шалтгаан тодорхой бус, гадаадын ямар нэг экстремист байгууллагатай холбоотой гэх баримт олдоогүйг Чехийн дотоод хэргийн яам мэдээлжээ. Шархадсан хүмүүсийн 10-ынх нь биеийн байдал хүнд байгаа тул амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байна.
Чех улсын 1993 онд тусгаар тогтносноос хойших түүхэнд ийм олон хохирогчтой аллага гарч байгаагүй юм.
Чехийн ерөнхийлөгч Петр Павел хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн бол Чехийн засгийн газар Бямба гарагийг үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэрэг Европын орнуудын удирдагчид Чехийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлцгээжээ.
1347 онд байгуулагдсан Карловын их сургууль нь Чех улсын хамгийн том, хамгийн хуучны их сургууль бөгөөд Европ тивдээ ч бас хамгийн урт түүхтэй сургуулиудын нэгд тооцогддог.
Эх сурвалж: BBC