Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг гүйцэтгэх саналыг “Бодь интернэшнл”-д хэн тавьсан талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Танд хэн санал тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч юм уу, Засгийн газар юм уу?
“Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Т.Доржханд гишүүн хүмүүсийн эргэлздэг маш чухал асуудлыг асуулаа. Та нар улстөрчид асуудал яаж шийддэг талаар мэдэх байх.
Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлсэн байсан. Энэ саналыг бид нарт Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан тэр хүн чинь Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа бүр жийрхдэг болчихсон байсан. Өөртэй нь дандаа холбогддог. Тийм учраас Зүүнбаянг түрүүлж эхлүүлсэн гэж би боддог. Тийшээ орохоосоо жийрхээд тэр.
2019 онд Гашуунсухайтыг эхлүүлэх шийдвэр гарсан. Энэ бол бүх утгаараа Засгийн газрын шийдвэр.