Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцууллаа.
Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байгааг хэллээ.
МТАС түншлэлийн Монгол Улсад байгуулагдсан цагаас хойших ажиллах чадварыг шалгаж үзсэн. Гэвч нэг ч ажилтан байхгүйгээр НДШ огт төлөөгүй байна.
Тендерийн үнэлгээг шалгаж үзэхэд:
Тендер сонгон шалгаруулалтыг үнэлбэл МТАС түншлэл шалгарах боломжгүй байсан байна.
Тодруулбал сүүлийн гурван жил буюу 2018-2020 онуудын нийт борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 15 хувь буюу 107.4 тэрбум төгрөгөөс багагүй байна гэж шалгаруулалтад заажээ.
Үүнийг компани тус бүрээр авч үзвэл төлөөлөх эрх бүхий этгээд
- “Монголиан контракт майнинг сервис” ХХК шаардлагын 85.9 хувь
- “Таван хур” ХХК шаардлагыг 31.2 хувь
- “Админериал” ХХК борлуулалтын орлогогүй
- “Спейшл майнинг сервис” ХХК тухайн шаардлагыг 115.3 хувиар буюу бүрэн хангажээ. “Спейшл майнинг сервис” ХХК-ийн борлуулалтын орлого 123. 8 тэрбум төгрөг байсан учир дээрх шаардлагад нийцжээ.
Шаардлага хангасан эсэхийг хянаж үзэхэд “Монголиан контракт майнинг сервис”, “Таван хур”, “Админериал” компаниуд тендерийн шалгаруулалтын шаардлага хангаагүйг шинжээч хэллээ.
“ЭТТ” компанийн хувьцааны үнэлгээгээр Бортээгийн хэсгийн үнэлгээ 3.7 их наяд гэж гаргаж байсан бол 2023 оны есдүгээр сарын байдлаар зах зээлийн жишиг үнийн аргаар тооцоход ойролцоогоор 404 их наяд төгрөг байхаар байна.
Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт дараах өөрчлөлт орсон.
Өмнөх тендерийн бичиг баримт
Захиалагч 6.4 дүгээр зүйлд заасан холбогдох баримт бичгүүдийн хамт төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг төгрөгөөр эсхүл нүүрсээр тооцож хийнэ.
Өөрчилсөн байдал
Захиалагч 6.4 дүгээр зүйлд заасан холбогдох баримт бичгүүдийн хамт төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг нүүрсээр тооцож хийнэ.
Энэхүү өөрчлөлтөөр төлбөрийн нөхцөлийг зөвхөн нүүрс гэж оруулжээ.