Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал дахин ирэх даваа гарагт товлогдох төлөвтэй байна. Өнгөрсөн пүрэв гарагт дахин хуралдсан ч мөн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэжээ.
Пүрэв гарагийнхтай нийлээд, нийт хугацаанд Н.Өнөрцэцэгт холбогдох есөн шүүх хурал болсон байна.
Өнөөдөр нийт 20 дахь хоног дээрээ цагдан хоригдож буй Н.Өнөрцэцэгт холбогдох зарим асуудлуудад мэдээлэл цуглууллаа.
Н.Өнөрцэцэгийг хорьсон шалтгаан үндэслэлтэй хэвээр үү?
Түүнийг,
- Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй
- Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт ирж мэдүүлэг өгөөгүй гэсэн үндсэн хоёр шалтгаанаар цагдан хорьсон байдаг.
Тэр дундаа, Unurtsetseg Naran хэмээх Фэйсбүүк хуудсаар удаа дараа лайв, пост хийсэн нь гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй нөхцөлд тооцогдсон. Харин одоо тэр цагдан хоригдох 20 хоногт тухайн хуудсаар нэг удаа захидал нийтэлсэн. Өөрөөр үзэл бодлоо илэрхийлж, мэдээлэл дамжуулаагүйн дээр Н.Өнөрцэцэг цахим орчинд холбогдох боломжгүй байгаа. Энэ утгаар эхний үндэслэл боломжгүй болоод буй.
Нөгөө талаар, нэгэнт цагдан хоригдож буй хугацаанд Н.Өнөрцэцэг холбогдох тайлбар мэдүүлгүүдээ өгч байна. Иймд өмгөөлөгчдийн зүгээс одоо түүнийг цагдан хорих үндэслэл байхгүй болсон гэж үзэж байна.
Н.Өнөрцэцэгийн захидал Unurtsetseg Naran хуудаст тавигдсан нь эргээд хуулийн эрсдэл болох уу?
Дээр дурдсанчлан, Н.Өнөрцэцэгийг Unurtsetseg Naran нэртэй Фэйсбүүк хуудсаар дамжуулан гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьсон. Энэ хугацаанд тус хуудас ажиллаагүй ч сүүлд өөрийн гараар бичсэн захидал нь нийтлэгдсэн юм. Нөхцөл байдлын хувьд үүнийг Н.Өнөрцэцэг өөрийн биеэр байршуулсан байх боломжгүй. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, өмгөөллийн багийн сошиал пиар ажиллагааны нэг хэсэг болжээ.
Гэвч, нөгөө талаар цагдан хорих үндсэн шалтгааны нэг болсон Unurtsetseg Naran хуудсыг дахин ажиллагаанд оруулж, түүгээр мэдээлэл тавьж эхэлсэн нь эргээд хуулийн хувьд эрсдэл дагуулах шалтгаан болно гэдэг өнцөг байна. Гэвч, Н.Өнөрцэцэгт хоёр зэрэгцээ субъект өмгөөлөл үзүүлж байна. Өмгөөллийн багийн үзэл бодол, арга ажиллагаа зөрж байгаа юу гэдэг асуулт үүгээр үүссээр ирсэн.
Өмгөөллийн баг нэгдмэл бус ажиллаж байгаа юу?
Н.Өнөрцэцэгийг эхлээд өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нарын хүмүүс өмгөөлч байсан. Цагдан хоригдсоны дараа Н.Хонгорзул нэмэгдсэн юм. Б.Эрхэмбаяр хэвлэлийн бага хурлын үеэр Н.Хонгорзулыг “Гэнэт нэмэгдсэн өмгөөлөгч” гэж ам алдсан нь нэгийг сануулдаг.
Мөн энэ хугацаанд хоёр өмгөөлөгч нэг агуулгатай хүсэлт давхардуулж өгснөөс процесс саатаж байна гэдэг мэдээллүүд ч хөвөрсөн. Энэ тухайд, одоогийн байдлаар шүүхэд өгсөн гомдлын хувьд өмгөөлөгчдийн байр суурь зөрөөгүй. Харин нэг агуулгатай хүсэлт өгснөөр хуулийн процесс саатдаггүй гэдэг тайлбарыг өгч байна.
Нөгөө талаар, өмгөөллийн багийн хувьд арга ажиллагааны хувьд зөрүүтэй явж байгаа аж. Б.Эрхэмбаяр талаас чимээ имээгүй байдлаар, зөвхөн шүүх хуралд үндэслэл бүхий хүсэлт өгч, хуралдаанд түүнийгээ хамгаалах байдлаар оролцож байгаа. Харин нөгөө өмгөөллийн багаас илүү сошиал пиарт төвлөрч ажиллаж буй гэдэг ойлголтыг өглөө.
Н.Өнөрцэцэгийн биеийн байдал муу хэвээр үү?
Н.Өнөрцэцэгийг нуруу, нугасны асуудлаас үүдэн биеийн байдал муу байгаа гэж өмгөөлөгч мэдээлсэн.
Тэгвэл, одоогийн байдлаар Н.Өнөрцэцэгийн бие дээрдээгүй бөгөөд, мөн сэтгэл санааны хувьд байдал улам хүндэрсэн гэж мэдээлж байна. Тэр өлсгөлөн зарласан ч ШШГЕГ-ын шийдвэрээр болиулсан. Одоогоор тэр өлсгөлөн зарлаагүй ч бие болоод сэтгэл зүйн хувьд амаргүй байдлыг туулсаар байгаа талаар өмгөөлөгч нар нь тайлбарлалаа.
Одоо шүүхэд ямар үндэслэл тавьж байгаа вэ?
Эхлээд Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах хүсэлтээ, Ерөнхий шүүгч танхимын шүүгчийн шийдвэрийг шууд дагасан гэдэг үндэслэлд тулгуурлан өгчээ. Үүнээс татгалзсан. Иймд одоо хүүхдүүд нь харах хүнгүй байна, нөхөр нь гадаад явсан гэдэг үндэслэлийг тавьж байгаа аж. Одоо хэлэлцэгдэх, Н.Өнөрцэцэгийг суллах гол боломжийг хүүхэд болон гэр бүл нь юм гэдэг байдлаар шүүх дээр маргах арга ажиллагааг баримталж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт шүүх мөн өмгөөлөгчдийн хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсний дараа 24 цагийн дотор дахин хүсэлтээ өгөөд буй аж. Энэ дагуух шүүх хурал ирэх даваа гарагт товлогдох төлөвтэй бөгөөд үүгээр мөн Н.Өнөрцэцэгийн хүүхдүүдийг харах хүнгүй байгаа тул суллаж, гадуур шалгах нь зүйтэй гэсэн үндэслэл дээр хуралдах юм байна.
Н.Өнөрцэцэгт холбогдох есөн шүүх хурал ямар агуулгаар өрнөсөн бэ?
- Н.Өнөрцэцэгт хилийн хориг тавьсан
- Zarig.mn сайтын үйл ажиллагааг хязгаарласан
- Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон
- Прокурор шүүгчээс татгалзсан
- Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас татгалзсан
- Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг Ерөнхий шүүгч танхимын шүүгчийн шийдвэрээр хангаагүй
- Энэ дагуу дахин өмгөөлөгч хүсэлт гаргасан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн
- Өмгөөлөгч дахин хүсэлт гаргасан ба мөн хангаж шийдвэрлэхээс татгалзсан зэрэг шүүх хуралдаанууд болоод байна.
Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Илтэд худал мэдээлэл тараах” зүйл ангиар, нийт долоон хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэгдэж буй. Гэвч түүнийг яллагдагчаар татаагүй байхдаа цагдан хорьсон, хорих ангид хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргаж, сэтгэл санаанд нь нөлөөлөлсөн зэрэг мэдээллүүд нийгмийн анхаарлыг татсаар байна.
Мөн сүүлд ил болсон захидалдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын нэрийг цохон дурдсан нь ямар мессеж илэрхийлж байж болох вэ гэсэн хардлагыг үүсгээд байгаа юм.
Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалсан байгаа.
Одоо Н.Өнөрцэцэгт цагдан хоригдох 10 хоногийн хугацаа үлдээд буй.