Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хороо, “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад өнөөдөр өглөө 06.38 цагт гал гарч, гал унтраах ажиллагаа ид болж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр гурван гал унтраах ангийн 50 гаруй албан хаагч галын бүсэд ажиллаж буй аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Гал дээврийн хэсгээс эхэлж гарсныг гал унтраах ангийнхан аюулгүй болгожээ. Гэхдээ уг барилга нь сэндвичээр баригдсан тул шаталтыг улам өдөөж байсныг бүрэн аюулгүй болгосон гэдгийг газар дээр нь ажиллаж буй албаны хүн хэллээ.
Гал агуулахад гарсан тул гурил их хэмжээгээр шатсан байх магадлалтай аж.