“WADA” буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан билээ. Улмаар WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь ирэх нэгдүгээр сард дуусгавар болно. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй болсон билээ.
Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр/2023.12.24/ дараах мэдэгдлийг хийв. Түүний мэдэгдэлд “2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны есдүгээр сарын 22-нд дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.