Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар сурагчдын хичээлийг энэ сарын 18-ны өдрөөс цахим хэлбэрт шилжүүлсэн билээ.
Тэгвэл энэхүү шийдвэрийг зарим хувийн хэвшлийн сургуулиуд хэрэгжүүлээгүй байна. Зарим хувийн хэвшлийн сургуулиудын I-V ангийн сурагчид цахимд шилжээгүй ба танхимаар хичээллэж байжээ.
Уг асуудалтай холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын цахим хичээлийн биелэлтийн талаар тодруулахаар БШУЯ-ны олон нийттэй харилцах албаны ажилтантай холбогдлоо.
Ингэхэд, Нийслэлийн Боловсролын газартай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулаарай гэсэн юм. Бид Нийслэлийн Боловсролын газартай холбогдох гэсэн ч тэд утсаа аваагүй юм.
Иймд хувийн хэвшлийн сургуулиуд Боловсролын яамнаас гаргасан энэхүү шийдвэрийг дагаж мөрдөхгүй байгаа нь Боловсролын ерөнхий хуулийн 33.3.6.сургалтын цахим систем хөгжүүлэх, гамшгийн улмаас танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд сургалтын тасралтгүй, бэлэн байдлыг хангах, зүйл ангитай зөрчилдөж байгаа аж.
-Арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн танхимаар хичээллэж байсан бага, дунд, ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэнэ-
Бид цахимд шилжээгүй зарим сургуулиудтай холбогдон сурагчдын цахим хичээлийн талаар тодруулахад,
-Арванхоёрдугаар сарын 25-аас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжиж байгаатай холбогдуулан сургуулийнхаа I-XII ангийн сурагчдыг нийтэд нь цахим хэлбэрт шилжүүлнэ гэв.
Мөн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэх юм байна.
Сонирхуулахад, Сурагчид сүүлийн жилүүдэд гурван улирал хичээллэж байсан бол энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болж буйгаар онцлог аж.
- Нэгдүгээр улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
- Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
- Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
- Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.