Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компанийн охин компанийн ажилчид зул сарын баярын үдэшлэгийн зоогт хорджээ. Тус компанийн Франц дахь Airbus Atlantic салбарын 100 орчим ажилтан компанийн зохион байгуулсан үдийн зоогт хордсон байна.
Азаар 12 дугаар сарын 15-ны баасан гарагт болсон хүлээн авалтын үеэр хоолноос болж хордлого авсан хүмүүсийн биеийн байдал хэт хүндэрсэн тохиолдол гараагүй ажээ. Хордлогын шинж тэмдэг илэрсэн ажилтнууд дараагийн долоо хоногийн даваа гараг гэхэд эдгэж, ажилдаа орсон байна.
Airbus Atlantic нь 2022 оны нэгдүгээр сард Airbus компанийн охин компаниар үүсэн байгуулагдсан юм. Тус компани нь таван улсад 13,000 гаруй ажилтантай байна. Франц улс дахь салбарын хүлээн авалтын үеэр гарсан хэргийг Францын эрүүл мэндийн газрын ажилтнууд шалгаж тодорхой шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Еdition.cnn.com