Өмнөд Солонгост ажил эрхэлж буй гадаадын иргэдийн тоо энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тэдний бараг 80 хувь нь 50-иас цөөн ажилтантай компаниудад харъяалагдаж байна. Харин 18.1 хувь нь 50-299 ажилтантай компанид ажиллаж байна. Тэгвэл ердөө гурван хувь нь 300 гаруй ажилтантай томоохон компаниудад ажиллаж байгааг статистикийн тоо баримт харуулжээ.
Тус улсын статистикийн хороо 2012 оноос хойш холбогдох мэдээллийг нэгтгэж эхэлсэн. Эндээс харахад 10 жилийн хугацаанд ерөнхий дүр төрх огт өөрчлөгдөөгүй аж. Тодруулбал, 2012 онд энд байгаа гадаадын иргэдийн 79.1 хувь нь жижиг компанид ажиллаж байв.
Энэ оны тавдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост оршин сууж буй 15 ба түүнээс дээш насны гадаадын иргэдийн тоо 1.43 саяд хүрсэн бөгөөд тэдний 923 мянга нь ажлын байртай байжээ. Дээрх үзүүлэлт нь өмнөх оноос 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
2023 онд гадаад ажилчдын 63.5 хувь нь хөдөлмөрийн даатгалд хамрагдсан бол Өмнөд Солонгосын нийт цалинтай ажилчдын 77 хувь нь хөдөлмөрийн даатгалд хамрагдсан байна.
Үндэстнээр нь авч үзвэл 35.3 хувь буюу хамгийн их хувийг хятад иргэншилтэй солонгосчууд эзэлж байна. Харин вьетнамчууд 11.3 хувь, хятадууд 4.9 хувийг тус тус эзэлжээ.
Харин цалин орлогын тухайд гадаадын иргэдийн 33 орчим хувь нь сард 2-3 сая вон, 24.4 хувь нь гурван сая гаруй вон олж байна.
Эх сурвалж: YONHAP