Яармагт урд шөнө бохирын шугам бөглөрсөн байна.
Энэ талаар УБЗАА-ын албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1,000 гаруй оршин суугчтай Арцат хорооллын бохирын шугам өчигдөр орой 23:00 цагийн үед бөглөрсөн. Ус Сувгийн Удирдах Газрын шуурхай баг бөглөөсийг гаргаж, хэвийн болгоод байна. Бохирын шугамаас даавуу, хувцас гээд янз бүрийн зүйл гарч ирсэн.
Өмнө нь арванхоёрдугаар сарын 18-нд бас бохирын шугам бөглөрч марль, гар, нүүрний алчуур, ундааны сав гарч байсан юм.
Хувийн конторууд бохирын шугамын үйлчилгээг авч явахын тулд иргэдээс хураамж авдаг. Гэвч үйлчилгээг дийлэхээ болиод нийслэлээс үнэгүй засаж өгч байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Тэрбээр орон сууцны иргэд соёлтой амьдарч, бие засах суултуур руу хог, алчуур, даавуу хийхгүй байхыг санууллаа.
Тухайн хорооллын бохирын шугамаас 1.5 литрийн цэвэр усны сав гарч ирж байсан. Энэ нь баригдаж буй барилгуудын ч хогтой холбоотой гэв.