УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоо батлагдсантай холбогдуулан нэр дэвших горилогчдын нэр эхнээсээ тодорч буй.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд гэхэд л УИХ-ын гишүүн асан М.Зоригтын нэр цахим орчинд хөврөв. Түүнийг олон нийт “Бодь групп”-ийн ерөнхийлөгч, “Голомт банк”-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан гэхээс илүү сүүлийн жилүүдэд хийж буй “Бидний цөөхөн Монголчууд” төслөөр нь таних болсон.
М.Зоригт дөрвөн удаа нэр дэвшихдээ хоёр гарч, хоёр унасан. Тодруулбал, Сүхбаатар аймагт нэг, Дорнод аймагт гурав.
2016 оны сонгуулийн өмнөх АН-ын задралаар МАН-ын шошготой хурга ч гарах нөхцөл үүссэнээр, Дорнод аймагт Х.Болорчулуунд 1000 хүрэхгүй саналаар өвдөг шороодож байсан түүхтэй. Хэрэв мандатын тоо нэмүү, эсвэл АН зодолдоогүй байсан бол гэгддэг.
Тиймээс энэ удаагийн томсгож бүсчилсэн зүүн бүсийн тойрогт өөрийгөө “шаанс өндөртэй” гэж харж буй аж. Тэрбээр хүн ам олонтой Дорнод аймагт унаж, боссоор хоногшчихсон. Сүхбаатар аймаг угаас АН суурьтай, хуучин нөхөдтэйгөө хоршчихно. Хэнтийд хэсэг тулж ажиллахад Дорнод, Сүхбаатарын ах дүүгийн зангилаа бий гэж тооцож буй бололтой.
Зүүн бүсийн тойрогт Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Ганибал гэсэн нэрс жагсдаг. Мандатын тоон боломжоор тал талаас 30 гаруй нэр дэвшигчид бичигдэнэ. Иймд нийгэм, улс төрийн нөлөөлөл, бизнес хөрөнгийн давуу талаараа зүүн бүсэд нэр дэвшигчээр горилох нь.