ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сараас хойш Украины эсрэг түрэмгийллийн дайнд гал зогсооход бэлэн байгаа тухайгаа зуучлагчаар дамжуулан илэрхийлэх болсон гэж “The New York Times” мэдээлжээ. Тус сонин энэ тухай Кремльд ойр байсан Оросын хоёр өндөр албан тушаалтан, мөн АНУ болон олон улсын албаны хүмүүсийг эх сурвалж болгон мэдээлсэн байна.
Путины гал зогсоох оролдлогыг жилийн өмнө буюу 2022 оны намар аль хэдийн хийсэн гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Урьд өмнө тодорхойгүй байсан Путины зорилго нь Украины зүүн хойд хэсэгт Оросын цэргүүдийг ялсны дараа ил болсон юм. Тухайн үед Путин Оросын эзлэн авсан газар нутгуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эвлэрэл байгуулахад бэлэн байна гэж сонины эх сурвалж тэмдэглэжээ. Гэсэн ч Путин одоо Оросын дайны зорилго өөрчлөгдөөгүй гэж мэдэгдэж байна.
Путин гал зогсоох сонирхолтой байгаа гэх дохиог барууны эрх баригчид наанадаж өнгөрсөн есдүгээр сараас хойш хүлээн авч эхэлсэн гэв. Эдгээр мессежүүд АНУ, ОХУ-тай холбоотой гадаадын засгийн газрууд зэрэг хэд хэдэн сувгаар дамждаг. Гэхдээ энэ нь Кремлийн ердийн төөрөгдүүлсэн оролдлого байж магадгүй гэдгийг ч онцолж байна. Тухайлбал, хэлэлцээ хийх эрмэлзлэл нь Путины буулт хийх чин хүсэлтэй байгааг илтгэхгүй гэж АНУ-ын зарим албаны хүмүүс үзэж байгаа аж. Оросын цэргүүд хүчээ авбал Путин дахин бодлоо өөрчилж магадгүй гэж таамаглаж байна.
Олон нийтийн өмнө Путин түрэмгий байр сууриа хадгалж, “Оросын мянганы соёл иргэншлийг” устгахыг эрмэлзэж буй барууны эсрэг тэмцэж байна гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ цаагуураа Путин Зеленскийн засгийн газрыг огцрохыг шаардахаа больж, байр суурь нь өөрчлөгдсөн гэж АНУ-ын албаныхан үзэж байна. Путины санал болгож буй гал зогсоох хэлэлцээр нь нийслэл Киевтэй тусгаар тогтносон Украиныг хадгалах боловч эзлэн авсан Украины газар нутгийн 20 орчим хувийг ОХУ-ын мэдэлд үлдээх гэж мэдэгджээ. Путин ийм хэлэлцээрт нээлттэй гэдгээ илэрхийлж байгаа ч илүү тодорхой саналыг хүлээж байна гэж АНУ-ын эх сурвалж нэмж хэлэв.
Олон саад бэрхшээлийн нэг нь Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэсэн Путины шийдэмгий байдал юм. Гэсэн ч тус холбоо Украиныг ойрын хугацаанд эгнээндээ элсүүлэхгүй гэж үзэж байгаа тул энэ асуудлаар санал зөрөлдөөн нь Путинд хэлэлцээр хийхгүй байх шалтгаан болохгүй гэж Оросын нэгэн албаны хүн тэмдэглэв.
Гэхдээ АНУ-ын өндөр албан тушаалтнууд Украины ямар ч нэр хүндтэй улстөрч тэр хэмжээний газар нутгийг Орост өгөх хэлэлцээрийг зөвшөөрнө гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA